Саяхан Японы олимпийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдсон, домогт жүдоч Ясүхиро Ямашита ирэх онд Олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдох боллоо.
2020 оны нэгдүгээр сарын 10-нд Лозаннд хуралдах ОУОХ-ны чуулганаар шинэ гурван гишүүнийг сонгох болсны нэг нь Ямашита ажээ. 1984 оны олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга тэрбээр зодог тайлснаас хойш Японы болон Олон улсын жүдогийн холбоондоо ажиллаж ирсэн юм. Харин Японы олимпийн хороог олон жил удирдсан Ц.Такеда 2019 оны зургадугаар сард албан тушаалаасаа татгалзаж, түүний оронд нэрт жүдоч Я.Ямашитаг сонгожээ.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Эдгээр өндөр чадвар, арвин туршлагатай гурван эрхэм нь ОУОХ-нд элсүүлснээр маш их ач холбогдолтой зүйл болно” хэмээн өгүүлжээ. Нэр дэвшин буй гурван хүнийг танилцуулвал:
- Ясүхиро Ямашита. Японы олимпийн хорооны ерөнхийлөгч. 62 настай, Японы иргэн
- Дэвид Хаггерти. Олон улсын теннисний холбооны ерөнхийлөгч. 62 настай, АНУ-ын иргэн
- Жанни Инфантино. Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч. 49 настай, Швейцарийн иргэн
Ийнхүү шинэ гурван гишүүнийг нэмснээр ОУОХ-ны гишүүдийн тоо 101 болох юм байна.
Ц.Ганбат
Уншиж байна |