"МегаСтарс" баг волейболын Дээд лигт түрүүлэв
2019-12-10

 

 

Монголын Волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 25-наас арванхоёрдугаар сарын 8-ний хооронд үргэлжилж, шилдгүүдээ тодруулав.

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас МВХ-той хамтран зохион байгуулсан Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 82, эмэгтэй 74, нийт 156 тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө. Эрэгтэй багуудаас Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, ОУХМ Л.Баатархүрээ ахлах дасгалжуулагчтай, СМ А.Даваажаргал ахлагчтай "МегаСтарс" баг анх удаа Дээд лигт түрүүлж аваргын цом гардан, 15 сая төгрөгийн эзэд болсон байна.

 

Энэхүү 45 хоног үргэлжилсэн дээд лигийн мөнгөн медалийн эздээр С.Бямбацогт эзэнтэй, ОУХМ Б.Мөнгөндөл ахлах дасгалжуулагчтай, ОУХМ А.Мөнхбаяр ахлагчтай "Ховд Алтайн барс Хилчин" баг шалгарч Дээд лигийн анхны медалиа хүртсэн бол хүрэл медалийн эздээр Ү.Төмөрхуяг эзэнтэй, СМ Б.Даринчулуун ахлах дасгалжуулагчтай, СМ З.Цэнд-Аюуш ахлагчтай "Эрчим" баг шалгарч, 8 сая төгрөгөөр шагнуулав. Эмэгтэй багуудаас лигийн алтан медалийн эздээр Жан Жин Хун эзэнтэй, СМ Л.Отгонцэцэг ахлах дасгалжуулагчтай, СМ С.Булгантамир ахлагчтай "Энагурэ" баг дээд лигт тав дахь удаагаа аваргын төлөө шалгарч, гурав дахь аваргын цомоо хүртсэн юм.

 

Ж.Наранбаатар эзэнтэй, ОУХМ Р.Хангай ахлах дасгалжуулагчтай, Л.Хосбаяр ахлагчтай "Хобби-Эйс" багийн тамирчид мөнгөн медалийн болзол хангаж, хүрэл медалийн эздээр А.Ганхуяг эзэнтэй, СМ Б.Чинбат ахлах дасгалжуулагчтай, СМ А.Батжаргал ахлагчтай "Тэнүүн-Огоо" баг тодорлоо. Дээд лигийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд багаа аварга болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, спортын мастер Л.Отгонцэцэг шилдэг дасгалжуулагчийн шагналын эзэн болов. Үндэсний дээд лиг нь 7 жил завсарласан бөгөөд волейболын спорт сонирхогчдын цангааг тайлж, ийнхүү ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудыг үзэгч олондоо хүргэсэн юм.

Д.Өлзий

Shuud.mn
Сонин хачин