Чөлөөт бөхийн “Аланы” олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 7-8-нд ОХУ-ын Владикавказ хотноо болж, тус тэмцээнд 25 орны 235 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодмом, ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор зургаан тамирчин хүч үзсэнээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр Владикавказын дэвжээнд 57 кг-ын жинд ОХУ-ын Р.Минтуллаевыг 2:2-оор, залуучуудын Азийн аварга Узбекистаны Ж.Туробовыг 10:0-ээр, энэ жилийн Оросын аварга Р.Гамзатовыг 4:1-ээр, ОХУ-ын залуу бөх А.Сабановыг 2:1-ээр ялсан ч алтан медалийн төлөө барилдаанд 2018 оны залуучуудын дэлхийн аварга ОХУ-ын А.Идрисовт 2:5-аар ялагдав.
Манай бөхчүүдээс 65 кг-д ОУХМ Т.Тулга хоёр ялсан ч шөвгийн наймд Буриадын Даши Шарастепановт цэвэр ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. “Токио-2020” олимпийн наадмын эрхийг авчраад буй түүний хувьд барилдаан таардаггүй буриад залууд гурав дахь удаагаа ялагдаад байна. 74 кг-д ОУХМ З.Сумъяабазар мөн эхний хоёр даваанд ялаад, хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ-ын Ж.Гринд 0:3-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд Оросын Г.Алихмаевт 2:3-аар ялагдлаа.
Сонирхуулахад, Владикавказын дэвжээнд олимп дэлхийн 30-аад медальтан зодоглосон бөгөөд дэлхийн аварга ОХУ-ын Бекхан Гойгереев, Гүржийн Бека Ломтазе, олимпийн медальт Узбекистаны Ихтиор Наврузов, Магомед Ибрагимов, ДАШТ-ий медальт ОХУ-ын Алан Гогаев, Анзор Болтукаев, АНУ-ын Томас Гилман, Ник Гвяздовски, Казахстаны Нурислам Санаев, Словакийн Борис Макоев, Узбекистаны Хасанбой Рахимов нар медальгүй хоцорчээ.
М.Бүүвэй
Уншиж байна |