Гуравхан сая хүнтэй Монгол Улс 3х3 сагсан бөмбөгөөр Олимпын эрх авсан нь үнэхээр бахархаж, гайхахаар амжилт гэж FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоо онцолжээ.
Тус холбооны албан ёсны вэбсайт болон Фейсбүүк хуудсанд энэ талаар бичсэн байна. Цөөхөн хүн амтай ч 3х3 сагсан бөмбөгийг маш амжилттай, хурдацтай хөгжүүлж, Токиогийн Олимпод орохоор болсон төдийгүй улсын чансаагаараа дэлхийд дээрээсээ 3-т бичигдэнэ гэдэг ердийн зүйл биш гэж мэдээнд дурджээ.
Мөн Монгол Улс өмнө нь зөвхөн бөх, бокс гэх мэт ганцаарчилсан спортын төрлүүдээр амжилт үзүүж байсан бол энэ удаад түүхэндээ анх удаа багийн спортоор Олимпын наадамд орохоор болж, олон улсын 3х3 сагсны ертөнцийн бахархал болж чадлаа гэжээ.
11-р сарын 1-нд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг шууд жагсаалтаар Токиогийн олимпод орох эрхээ авсан бол эрэгтэй шигшээ багийн урдуур зохион байгуулагч Япон улсын баг “цагаан хуудас”-аараа орсон. Гэхдээ эрэгтэй баг маань ирэх хавар зохион байгуулагдах Олимпын эрхийн тэмцээнүүдэд орж өрсөлдөх юм.
Багийн спортоор амжилт тааруухан явж ирсэн Монгол Улс богино хугацаанд 3х3 сагсны төрөлд “цойлж” байгааг ийнхүү олон улсад онцолж байна. Тэр дундаа Монголын 3х3 сагсны Улаанбаатар ММС Энержи баг Ази тивээс анх удаа Дэлхийн гранпри тэмцээнд түрүүлсэн нь уг спортыг хөгжүүлж байгаа олон улс оронд итгэл, урам зориг өгсөн гэжээ.
Уншиж байна |