Боксын насанд хүрэгчдийн УАШТ арванхоёрдугаар сарын 2-нд Орхон аймагт эхэлж, тус тэмцээнд 26 байгууллагын 219 тамирчин олимпийн наадмын 13 жингээр буюу эрэгтэй найм, эмэгтэй таван жинд өрсөлдөж байна.
Энэ удаагийн УАШТ-ийг Эрдэнэт хотод боксын спортыг хөгжүүлж буй ОУХМ С.Баттулгын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн тэмцээний онцлог нь орон нутагт анх удаа болж байгаа бөгөөд “Токио-2020” олимпийн наадмын шигшээ багийг бүрдүүлэх зорилготой ажээ. Боксчдын “Токио-2020” олимпийн эрх олгох Азийн бүсийн тэмцээн ирэх оны хоёрдугаар сарын эхээр болох тул Монгол Улсын аваргуудаа ийнхүү эрт тодруулахаар шийдвэрлэжээ. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын боксын холбоо, хамтран зохион байгуулагчаар “Даншиг” групп ажиллаж байна.
Тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг зэрэг шилдэг боксчид хүч, ур чадвараа сорьж байгаа юм.
М.Бүүвэй
Уншиж байна |