Шар тивийн шилдэг харваачид Тайландын Бангкок хотноо хуран чуулаад байгаа билээ. Арваннэгдүгээр сарын 21-нд эхэлсэн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж, нийт арван алтан медалийн есийг нь БНСУ-ын баг дангаараа хүртэв. Үлдсэн ганц алтыг Энэтхэгийн холимог хосын баг зүүжээ. Өчигдөр мөн “Токио-2020” олимпийн эрх олгох Ази тивийн сорил тэмцээн эхэлж, урьдчилсан харваагаа гүйцэтгэв.
Манай эрэгтэй тамирчдаас туршлагатай мастер Ж.Гантөгс, залуу харваач Б.Отгонболд нар тус бүр 649 оноогоор хоёр, гуравдугаарт эрэмбэлүүлэв. Нийт 41 эрэгтэй тамирчин оролцож буйгаас Монголын гуравдахь харваач Б.Адьяасүрэн 631 оноогоор 15 дугаарт бичигдсэн байна. Өнөөдөр эхний даваанд тэд гурвуулаа гоц мөргөж, хоёрын даваанд Гантөгс Туркменистан-Балбын хэн ялсантай, Отгонболд Ирак-Саудын Арабын хэн ялсантай, Адьяасүрэн Тайландын харваачтай халз өрсөлдөх оноолт гарчээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд 43 харваач өрсөлдөж байгаа бөгөөд Монголын А.Энхтуяа 631 оноогоор 10 дугаарт, Б.Урантунгалаг 615 оноогоор 22 дугаарт, Н.Ариунбилэг 610 оноогоор 27 дугаарт бичигдэв. Эхний даваанд Урантунгалаг Балбын, Ариунбилэг Хонконгийн бүсгүйчүүдтэй халз харвах юм. Энхтуяагийн хувьд эхний тойрогт гоц мөргөөд, хоёрын даваанд Тайланд-Кыргызстаны хэн ялсныг хүлээж байна. Одоогоор Азийн есөн орны 30 харваач Токиогийн олимпод оролцох эрхээ биелүүлсэн байгаа билээ.
Харин Бангкокийн тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван харваач нэмж эрхээ биелүүлэх юм. Гэхдээ нэг улсаас нэг л эрэгтэй, мөн нэг л эмэгтэй харваач эрхээ хангах болно.
“Токио-2020” олимпийн эрх аваад буй Азийн харваачид
• Бангладеш – 1 эрэгтэй
• БНХАУ – 3 эрэгтэй, 3 эмэгтэй
• Тайвань – 3 эрэгтэй, 3 эмэгтэй
• БНАСАУ – 1 эрэгтэй, 1 эмэгтэй
• Индонез – 1 эрэгтэй, 1 эмэгтэй
• Энэтхэг – 3 эрэгтэй
• Казахстан – 3 эрэгтэй
• БНСУ – 3 эрэгтэй, 3 эмэгтэй
• Малайз – 1 эрэгтэй
Ц.Ганбат
Уншиж байна |