Британийн олимпийн холбооноос Олон улсын олимпийн хорооны Тамирчны комиссын сонгуульд олимп, дэлхийн хошой аварга триатлонч Алистер Браунлигийн нэрийг дэвшүүлэхээр шийджээ.
Тамирчны комиссын сонгууль “Токио-2020” олимпийн үеэр болж, дөрвөн өөр спортын дөрвөн тамирчныг сонгох бөгөөд ялсан тохиолдолд шууд ОУОХ-ны гишүүн болох юм. Нэр дэвшигчдийг ОУОХ-ны Ёс зүйн комиссоор нягтлан шалгаад 2019 оны арванхоёрдугаар сарын 3-4-нд болох ОУОХ-ны Удирдах зөвлөлийн хурлаас зарлах ажээ. Одоогоор нэр дэвших нь тодорхой бологсдын тэргүүнд Испанийн сагсан бөмбөгч, NBA-д 18 улирал тоглоод буй По Газолийг нэрлээд байна.
Италийн ҮОХ-ноос “Бээжин-2008” олимпийн аварга усанд сэлэгч Федерика Пеллегриниг өрсөлдүүлэхээр шийдвэрлэжээ. 31 настай триатлонч Алистер Браунли нь “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн наадамд түрүүлсэн билээ. Харин гуравдахь олимпдоо оролцох эсэхийг хараахан шийдээгүй, одоогоор ironman буюу хэт холын зайн тэмцээнд оролцож байгаа юм.
Хэрвээ тэрбээр Тамирчны комиссын сонгуульд ялалт байгуулвал Их Британи улсын дөрвөн иргэн нэгэн зэрэг ОУОХ-ны гишүүнээр ажиллах юм байна. Анна гүнж 1988 оноос, Крэйг Риди 1994 оноос хойш уг суудалд суугаа бол Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, олимпийн хошой аварга Себастьян Коэ мөн 2020 оноос ОУОХ-нд багтах магадлалтай гэнэ.
Ц.Ганбат
Уншиж байна |