Арваннэгдүгээр сарын 16-17-нд Японы Нарита хотод эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн болно. Энэхүү тэмцээнд ДАШТ-ий медальтай 19 бүсгүй зодоглохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэдний дунд Жакарра Винчестер (АНУ), Рисако Кавай (Япон), Инна Тражукова (ОХУ), Тамыра Менса (АНУ), Аделин Грэй (АНУ) гэсэн 2019 оны таван дэлхийн аварга барилдана.
Туркийн Батлан хамгаалахын сайд Хулусу Акар Дэлхийн цэргийн спортын VII наадмаас медаль хүртсэн бөхчүүдээ хүлээн авчээ. Турк бөхчүүдээс чөлөөт бөхийн төрлөөр 125 кг-ийн жинд Таха Акгуль алт, 65 кг-д Селахатин Киличсалаян, 74 кг-д Сөнер Демирташ, 97 кг-д Фатих Яшарли хүрэл, сонгомол бөхийн 130 кг-д Рыза Каяалп алтан медаль хүртсэн. Х.Акар уулзалтын төгсгөлд армид данстай бөхчүүдээ “Токио-2020” олимпийн наадамд медаль авахыг ерөөжээ.
Беларусийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Будапешт-2018” ДАШТ-ий 92 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Иван Янковскийг сонгожээ. 32 настай Янковский өнгөрсөн сард гэхэд Дмитрий Коркинд хүрэл медаль хүртэж, “Шахтерская слава”-д түрүүлээд байсан. Түүний хувьд ойрын хугацаанд тамирчны замналаа өндөрлүүлж, шинэ албандаа гол анхаарлаа хандуулах бодолтой байгаа гэнэ. Харин өмнөх ахлах дасгалжуулагч Александр Ласица залуучуудын шигшээг удирдахаар болжээ.
ОХУ-ын чөлөөт бөхийн холбоо ирэх гурван жилд гурван ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулахаар болсон. Тэгвэл дээрх гурван тэмцээнийхээ хуваарийг саяхан баталлаа. 2020 онд Нижний Новгород хотод болох оюутны ДАШТ-ийг аравдугаар сарын 27-30-нд, 2021 онд Уфад болох залуучуудын ДАШТ-ийг наймдугаар сарын 16-22-нд, 2022 онд Красноярскт болох насанд хүрэгчдийн ДАШТ-ийг есдүгээр сарын 10-18-нд зохион байгуулахаар шийдвэрлэв.
Б.Бат
Уншиж байна |