Даамчид багаараа хоёрдугаар байр эзлэв
2019-11-05

Даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс Монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр хоёрдугаар байранд шалгарсан байна. Тэмцээний охидын 11-13 насны ангилалд ДДХМ Э.Хүслэн 15 оноо (6 хожиж, 3 тэнцсэн)-гоор аваргаллаа. Ийнхүү тэрбээр Монгол Улсаас зуун буудалт даамын үндсэн төрөлд дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин боллоо.

 

 

Өмнө нь 2007 онд Г.Гэрэлболд, 2016 онд М.Шийравжамц нар үндсэн төрлөөс алтан медаль хүртэж байв. Залуучуудын ангилалд өрсөлдсөн "ганц дайчин" ДДХМ М.Шийравжамц маань ганцаардсангүй, урамтай сайхан тоглосоор мөнгөн медаль зүүсэн. Түүний гол өрсөлдөгч болох Оросын А.Протодяконов ДАШТ-ий 5 дахь алтан медалиа хүртэж, өсвөр үе, залуучуудын U-11, U-14, U-17, U-20 насны бүх ангилалд түрүүлсэн анхны бөгөөд цорын ганц даамчин болон түүхэнд тэмдэглэв.

 

Энэ жилийн Ази тивийн насанд хүрэгчдийн аварга ОУИМ Б.Мишээл маань бэлтгэл сайтай байгаагаа харуулж, нас өгсөн тоглосон хэдий ч залуучуудын ангилалд хүрэл медаль хүртсэн. Тэрбээр тэмцээний тавдугаар тойрогт энэ жилийн Европын залуучуудын аварга, 64 буудалт даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга Я.Якубовичийг хожсон нь олны анхаарлыг эрхгүй татсан юм.

 

 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр түргэн тоглолт буюу блиц төрлийн медальтнууд тодорлоо. Энэ удаа манай тамирчдаас U-17 насанд спортын мастер Б.Анужин мөнгө, U-11 насанд дэд мастер Э.Даариймаа хүрэл медаль хүртэв.

 

М.Бүүвэй

 

Shuud.mn
Сонин хачин