Чөлөөт бөхийн U23 буюу 23 хүртэлх насныхны ДАШТ-ий эрэгтэй жингийн барилдаанаас Монголын бөхчүүд хоёр хүрэл медаль хүртлээ. Манай багаас 74 кг-д Б.Бямбадорж, 125 кг-д М.Лхагвагэрэл нар хүрэл медаль зүүж, 57 кг, 70 кг, 79 кг, 86 кг-ийн жинд шагналт байр эзэлж, багийн дүнгээр тавдугаар байрт шалгарсан амжилттай оролцжээ.
Энд онцлоход олимпийн дөрвөн жинд медалийн төлөө шалгарч, хамгийн хүнд жинд түүхэндээ анх медаль авахуулсан байна.
Эрэгтэйчүүдийн 74 кг-д насанд хүрэгчдийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Бямбадорж 23 хүртэлх насны ДАШТ-д анх удаа зодоглосон. Тэрбээр Будапештийн дэвжээнд 1/8 шигшээд Кыргызстаны Мансур Сыргак-Уулуг 7:2-оор ялсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт Ираны Мохаммад Нокходид 6:10-аар ялагджээ. Дагах барилдаанд 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Дархан Ессенгалиг 4:4-өөр (онооны чанараар), хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны дагестан легионер Мурад Курмагомедовыг 5:2-оор нутгийн дэвжээн дээр нь ялж шагналын тавцанд зогслоо.
125 кг-д Азийн залуучуудын дэд аварга, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин, “Аварга” сургуулийн оюутан ОУХМ М.Лхагвагэрэл Унгарын нийслэлээс Монголын эрэгтэй баг тамирчдын хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн түүхэнд нас насны ангиллаас хамгийн хүнд жинд дэлхийн анхны медальтан болж байна. М.Лхагвагэрэл тэгшитгэлийн барилдаанд Кыргызстаны Кыргызстаны Музаффар Жаппуевыг оноогоор цэвэр (12:1) ялсан ч 1/8 шигшээд ОХУ-ын Виталий Голоевт 2:3-аар ялагдсан. Дагах барилдаанд БНХАУ-ын Эр Сонбуг 6:1-ээр, Африк тивийн хошой аварга Египетийн Халед Мохамед Абдаллаг 12:1-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Даниэль Керквлиетийг хүнд барилдааны эцэст 4:4-өөр (онооны чанараар) ялж, ДАШТ-ий медальтан болов.
Өнөөдөр мөн эмэгтэй бөхчүүд медалийн төлөөх барилдаан эхлэх юм.
Ц.Ганбат
Уншиж байна |