Эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 16-17-нд Японы Нарита хотод болно. 18 дахь удаагийн тус тэмцээнд Япон, Монгол, ОХУ, АНУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны шигшээ баг өрсөлдөх юм. Хамгийн сүүлд 2008 онд БНХАУ-ын Тайюань хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээр зургаан баг оролцож байв.
Дэлхийн цомын тэмцээний сугалаа өчигдөр болж Монголын баг 2003 оны цомын аварга АНУ, Дэлхийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай ОХУ-ын шигшээ багтай “В” хэсэгт багтав. Манай бүсгүйчүүд сүүлийн гурван удаагийн Дэлхийн цомд АНУ-ын хүчирхэг багийг ялж хүрэл медаль хүртсэн бол Оросуудтай хамгийн сүүлд 2015 онд Санкт-Петербургийн тэмцээнд нэг хэсэгт таарч хожигдож байжээ.
Тэмцээний “А” хэсэгт хамгийн олон буюу 10 удаагийн түрүүтэй, зохион байгуулагч орон Япон, зургаан удаагийн аварга БНХАУ, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт Украины шигшээ баг хуваарилагдав.
М.Бүүвэй
Уншиж байна |