Хүүхдийн шинэ театр хөшгөө нээлээ

Хүүхдийн шинэ театр хөшгөө нээлээ

Хүүхдэд зориулсан, хамгийн анхны энтертайнмент тайзтай “49 дүгээр гудамж” хүүхэд, залуучуудын театрын нээлт өчигдөр боллоо.  

 

 

Энхтайван найрамдлын ордон гэж нэрлэдэг ч хариуцах эзэнгүй болсон барилгыг өөрчлөхөөр “Харанга” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Ц.Энхманлай тэргүүтэй багийнхан хандив цуглуулснаар үлгэрийн ордон мэт уг театр сүндэрлэжээ.

 

Уг театр нь 200-250 хүний багтаамжтай үзвэрийн танхим, урлагийн бүхий л чиглэлээр бэлтгэл хийх боломжтой бага танхим болон улаан булан, дугуй булан зэрэг хүлээн авах хэсэгтэй юм байна.

 

Нээлтийн үеэр уг үлгэрийн ордонд хүүхдэд чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж, хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээ зохион байгуулагчид танилцуулав.

 

“49 дүгээр гудамж” хүүхэд, залуучуудын театрын уран сайхны зөвлөлийн дарга, гавьяат жүжигчин Ц.Энхманлай “Манай театр хүүхэд аливаа зүйлийн зүй тогтлыг зөв танин мэдэхэд тусалж, гоо зүйн хүмүүжилд дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготой. Энэ гэгээн үйлсэд нэгдэн уран сайхны удирдаачаар ажиллах болсондоо баяртай байна. Олны хүч оломгүй далай гэдэг. Та бүхний халуун сэтгэлийн дэмээр энэ театр нээгдлээ. Энэ театр нээгдсэнээр хүүхдийн гоо зүйн хүмүүжилд томоохон хувь нэмэр болоод зогсохгүй 25 хүн ажилтай болж байна. Театрын нээлттэй зэрэгцэн “Сүбээдэй хүү” хүүхдийн бүрэн хэмжээний драмын жүжиг маань албан ёсны нээлтээ хийж байна. Театрт хүүхдийн урлагийн авьяасыг хөгжүүлэх олон дугуйлан 2018 оноос эхлэн хичээллэх болно” гэлээ.

 

Нээлтэд оролцогчдын сэтгэгдлийг сонсоход “Хүүхдэд зориулсан ийм тансаг байгууламж сүүлийн 30-аад жил нэг ч бий болоогүй. “Хичээнгүй, тусч Сүбээдэй хүү” хэмээх бага насны хүүхдэд зориулсан цуврал жүжгийг дөрвөн жилийн турш хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. Энэ нь хүүхдүүдэд үзүүлж буй маш том хөрөнгө оруулалт” гэж байлаа.

 

“Хичээнгүй, тусч Сүбээдэй хүү” жүжгийг 9-10 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй тоглох бөгөөд нийслэлд ийм насны 35 мянган хүүхэд байдаг ажээ. 

 

Р.Ренчиндулам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Нээлт нь болсон юм уу? 11-р сарын 2- нд болно гээгүй билээ үү?
2017-10-31
Зочин:
болж байна шүү дээ. Амжилт хүсэе
2017-10-31