“ОРД” галлерей нээгдлээ
Монголын хүүхдийн урлан бүтээх төв 30 жилийн ойгоо угтан багш ажилчдынхаа хүч хөдөлмөрийн үр дүнд Монголд анх удаа Хүүхдийн уран бүтээлийн галлерейг нээлээ.
Энэхүү “ОРД” хэмээх арт галлерейн албан ёсны нээлтийг тохиолдуулан нэр хүндтэй уран бүтээлчид, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн үе үеийн төгсөгчдийн шилмэл бүтээлийн үзэсгэлэнг толилуулж байна.
Тус үзэсгэлэнд 90 гаруй уран бүтээлчдийн уран зураг, уран баримал, арьсан урлал сийлбэр, уран бичлэг төрлөөр 120 гаруй бүтээл тавигдаж байна.
Тухайлбал 1985 оны Монголын урчуудын эвлэлийн шагналт Төгс-Оюун, 1990 оны шагналт зураач О.Дарамбазар , 2011 оны шагналт Ц.Болд, 2017 оны Венецийн беналийн оролцогч Ж.Болортүвшин,Л.Гантөмөр, Түвдэндорж урчуудын эвлэлийн шагналт , Гранд арт шагналт Түмэнжаргал , 2017 оны Beejin bienal –ийн оролцогч Ган-Оч, 2017 оны олон улсын уран барималын уралдааны Гранпри шагналт Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн багш Т.Даваасамбуу , 2009 оны Уран бичлэгийн уралдааны Гранпри шагналт багш Д.Ганбаатар нарын онцлох уран бүтээлчид бүтээлээрээ оролцож байна.
Үзэсгэлэнгийн ажиллагаанд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн захирал Д.Уранбилэг , Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Ядуурлыг Бууруулах хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Нийслэлийн Засаг Даргын орлогч Д.Энхтөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дарга Б. Халиун, Монголын урчуудын эвлэлийн Ерөнхийлөгч Б.Төмөрбаатар нар оролцож шинэхэн галлерейг албан ёсоор нээж тууз хайчиллаа.
Түүнчлэн Монголд суугаа элчин сайдын яамдын төлөөлөгчид, Монголын урчуудын эвлэлийн холбооны гишүүн уран бүтээлчид, Соёл урлагийн их сургуулийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн удирдлагууд , хамтын ажиллагаатай байгуулагууд, төвийн үе үеийн төгсөгч нар оролцлоо.
Үзэсгэлэн 2017 оны 10 дугаар сарын 27 –ноос 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “ОРД” арт галлерейд нээлттэй гарах тул та бүхэн хүрэлцэн ирж Монголын дүрслэх урлагийн гайхамшигийг таалан сонирхоорой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ