Элайджа Вуд: Өөрөөсөө өндөр бүсгүйтэй болзох үнэхээр хэцүү

“Бөгжний эзэн” цувралын од, жүжигчин Элайджа Вудын “www.movies.mtv.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Та жүжигчин Вин Дизелийн хамтаар “Шуламын сүүлчийн ангууч” кинонд тоглосон. Энэхүү уран бүтээл нээлтээ хийгээд багаггүй хугацаа өнгөрлөө. Энэ кино таны туршлагад хэрхэн нөлөөлөв?
-Магадгүй энэ киног үзсэн ихэнх үзэгчид “Элайджа Вуд ихэвчлэн үлгэрийн, уран зөгнөлт кинонуудад тоглох юм аа” гэж бодож магадгүй. Тэгэж бодсон ч би шаналж, тоглосон кинонуудаа мартахыг хичээхгүй. Тоглосон уран бүтээлээ амжилтад хүргэхийн тулд би хувь хүн бус уран бүтээлчийн хувиар их хөдөлмөрлөх шаардлага гардаг. Асар их судалгаа явуулж, олон сар дүртэйгээ ажилдаг. Уншсан, судалсан бүхэн минь миний тархийг цэнэглэдэг. Тааруухан зохиолыг жүжигчид авардаг гэх зүгээр ч нэг гараагүй юм шүү. “Шуламын сүүлчийн ангууч” кинонд хүртэл бүх зүйлээ зориулсан. Адилхан дүр бүтээж байна гэх шалтгаанаар би бага хөдөлмөрлөсөн гэсэн үг биш.
-Би энэ киног үзсэн. Зохиолын хувьд зарим уран бүтээлтэй төстэй. Шуламын хараалаар мөнх наслах болсон ангууч, түүний туслах, баруун гар буюу тулалдахаас бусад ажилд оролцдог эрийн дүрийг бүтээсэн. Та таалагдсан кинондоо тоглодог уу. Эсвэл санал тавьсан болгонд тоглодог уу?
-Эрхэм сэтгүүлч та миний амнаас тоглосон киног минь муулуулахыг оролдож байна. Би тоглосон кинонууддаа хайртай. Би хэзээ ч тоглосон кинонууддаа нэг, хоёр, гурав хэмээн дугаарлахыг хүсдэггүй. Таалагдсан эсвэл азаар олдсон кинонууддаа тоглодог уу? гэсэн үү. Үнэнийг хэлэхэд чамд дүр өгч байна гэдэг асар их хариуцлага. Чиний чадвар тэр хүнд таалагдсан учир чамайг дүрдээ сонгож буй хэрэг. Надад киноны санал ирэхэд их дуртай. Яг л халуун өдөр мөстэй кола ууж буй мэт гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг. Би ажлынхаа цаг, ачааллаас шалтгаалан тийм болон үгүй гэх хариуг өгдөг. Гэхдээ үгүй гэсэн тохиолдол тун цөөн.
-Та залуухан харагддаг. Гэтэл 36 настай. Залуухан харагдах ямар нэгэн нууц байдаг уу. “Огт хөгширдөггүй одод”-ын жагсаалтад та байнга тэргүүлдэг?
-Би 1993 онд анхны кинондоо тоглож байлаа. Тэр үед 12 настай. Гэтэл миний бүтээх ёстой дүр найман настай хүүгийн дүр. Анхны дүр байсан учир их айж сандарч байсан. Зураглаач дохио өгч, би дүрээ бүтээж эхлэхэд найруулагч “Хөөе чи уруулаа унжуулж, нүдээ томсгохоор яг л таван настай хүүхэд шиг харагдаад байна. Жүжиглэхгүйгээр зүгээр л цээжилсэн үгээ дэс дараалалтай хэл” гэдэг байгаа. Кино дэлгэцнээ гараад гэрийнхэнтэйгээ үзэж байтал ах маань “Чи яаж өөрөөсөө бага хүүхдийн дүрийг ийм чадварлаг бүтээв? гэж асуусан. Би “Бөгжний эзэн” кинонд тоглож байхдаа 20 гаруй настай байсан. Гэтэл дэлгэцэнд 10 гаруй настай хүүхэд шиг харагдах болсон. Дараа нь кинонууддаа анализ хийгээд сууж байхдаа хүүхэд шиг царай миний давуу тал болон сул гэдгийг мэдсэн. Давуу тал нь би аль ч насныханд зориулсан кинонд тоглох боломжтой. Харин сул тал нь би аав, өвөө зэрэг ахмад үеийн төлөөллийн дүрийг бүтээх боломжгүй. Гэхдээ цаг хугацаа зогсоогүй учир 10 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн өө мэдэхгүй л байна. Уран бүтээл, амьдрах итгэл, сэтгэл ханамж зэрэг залуухан харагдахад нөлөөлдөг байх.
-Кинонд тоглоход ямар байдаг вэ. Та юу мэдэрдэг вэ?
-Кинонд тоглох үүрэг минь гэж боддог. Би жүжиглэхээр өөр зүйлийг тийм ч сайн хийж чадахгүй. Үнэндээ эмэгтэй хүнийг хайрлахад хүртэл бэрх байдаг. Харин дүрээ бүтээгээд камерын өмнө зогсож байхдаа би амар тайванг мэдэрдэг. Энэ мэргэжилдээ их дуртай болжээ.
-Та “Бөгжний эзэн” кинонд тоглосноор өөрийгөө “Оскар” хүртэх чадвартай нэгэн гэдгээ олон улсад баталсан. Олон ч уран бүтээлд тоглосон хэдий ч таныг харсан хүн Хөөх Элайджа Вуд, “Бөгжний эзэн” байна гэдэг. Та тоглосон кинонуудаа жагсаах дургүй гэсэн. Энэ кино таны хувьд чухал байр суурийг эзэлдэг биз дээ?
-Элайджа Вуд гэх залуу энэ кино шууд хамааралтай. Өнөөдрийг Элайджа Вудыг бүтээхэд голлох үүргийг гүйцэтгэсэн. Би энэ кинонд тоглосондоо баярладаг.
-Нүд тань үнэхээр гайхалтай. Энэ үгийг олон сонссон байх?
-/Инээв/
-“Харри Потер” цувралын од Дэниел Рэдклифф намхан гэдэгтэй үргэлж гутардаг гэсэн. Та хоёрын өндөр адилхан. Намхан байхаас уур чинь хүрч байсан тохиолдол байсан уу?
-Гадаад төрх болон өндрөөсөө шалтгаалан хүчирхэг эрийн дүрийг бүтээж чадахгүй байгаадаа гутардаг. Заавал өндөр залуучууд дэлхийг аврах ёстой биш. Бид ч гэсэн дэлхийг аврахыг хүсч байна. /инээв/
-Нэг ярилцлагыг чинь уншиж байсан юм. Багадаа бусдын адил өндөр байсан. Харин дунд сургууль, шилжилтийн насан дээрээ ирээд өсөхөө больчихсон гэсэн. Энэ үнэн үү?
-Тиймээ үнэн. /инээв/
-Өөрөөсөө өндөр бүсгүйтэй болзож үзсэн үү?
-Мэдээж хэрэг. Өөрөөсөө өндөр бүсгүйтэй болзох үнэхээр хэцүү.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ