“Оддын академи”-ын ялагчийг 100 сая төгрөгөөр шагнана

“Боловсрол” телевизийн уран бүтээлчид ээлжит төслөө танилцуулсан нь Монголын шоу бизнесийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурь, орон зайг эзэлсэн охидын хамтлаг гаргах “Оддын академи” шоу байлаа. Дэлхийн 44 оронд албан ёсны эрхтэйгээр хийж буй тус шоу нэвтрүүлэг нь дуулах хүсэлтэй сая сая залуусын мөрөөдлийг биелүүлэх томоохон боломж юм.
Энэ боломжийг ашиглахын тулд оролцогчид тодорхой сорилтыг давах ёстой юм байна. Сорилтуудыг даван нэвтрүүлгийн ялагч болсон хамтлагийг цомог гаргах, клип хийлгэх, олон улсын хөгжмийн наадамд оролцох эрх бүхий 100 сая төгрөгийн шагнал хүлээж байна. Шоу есөн долоо хоног үргэлжлэх бөгөөд арванхоёрдугаар сарын сүүлээр ялагчаа тодруулах юм.
Нэвтрүүлгийн бүртгэл энэ сарын 27-нд дуусах бөгөөд 16-аас дээш насны эмэгтэй оролцогч бүртгүүлэх боломжтой. “Боловсрол” телевизийн байранд өдөр бүрийн 09:00-19:00 цагт болж байна. Мөн edutvburtgel.mn-д холбогдон гэрээсээ, ажлаасаа гээд хаанаас ч онлайнаар бүртгүүлэх боломжтой.
“Оддын академи” шоуны шүүгчээр “Никитон” хамтлагийн дуучин, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуун, реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ, урлаг судлаач Б.Наранзун нар ажиллах юм байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ