“Ялагчийн цуваа”-д Польшийн жүжигчин тэргүүллээ

Монголын Моножүжгийн төвөөс санаачлан зохион байгуулдаг "Ялагчдын цуваа" олон улсын Моножүжгийн уралдааны энэ жилийн ялагчаар Польшийн “Кропка” театрын жүжигчин Камила Каминска шалгарлаа. Тэмцээнд ОХУ, ХБНГУ, Израиль, Польш, Солонгос, ОХУ-ын Буриад зэрэг улс орны 10 гаруй моно жүжгийн төлөөлөл оролцсон бөгөөд Камила Каминска “Карамазов эмэгтэй” жүжгээрээ шалгарсан юм. Монгол Улсаас УДЭТ-ын жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш “Цовдлогдсон Прометей”, жүжигчин С.Дамдин Ш.Гүрбазарын “Ганцууд”, жүжигчин Ц.Баясгалан, Э.Тодгэрэл, Г.Дөлгөөн-Аюуш “Чөлөөт хос”, жүжигчин Г.Баттөмөр “Гарпагон” жүжгээр оролцсон юм.
Шилдгээр шалгарсан “Карамазов эмэгтэй” жүжгийг Оросын алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Карамазовын ах дүүс” романаас сэдэвлэн найруулсан аж. Уг романы эмэгтэй дүрүүд болох Хатагтай Чоклаков, Грузцена нарын дүрд Камила Каминска тогложээ. Жүжигт өнөө үеийн эмэгтэй хүний жирийн нэгэн дотоод мэдрэмжийг энэхүү роман дээр сэтгэл мэдрэлийн гажиг хэмээн үздэг байсныг, эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүсийн өөрсдийнх нь айх айдсын хохирогч болж байсныг энэ жүжгээр дамжуулан харуулжээ. Камила Каминска нь 2014 онд Польшийн хамгийн нэр хүндтэй Кино Урлагийн сургуулийг төгссөн бөгөөд Польшийн ирээдүйтэй залуу жүжигчдийн нэг ажээ.
"Ялагчдын цуваа" олон улсын Моножүжгийн фестивалийн шүүгчээр ЮНЕСКО-гийн дэргэдэх олон улсын театрын институтын Моножүжгийн форумын дэд ерөнхийлөгч хатагтай Нина Мазур, ОХУ-ын Владимир хотын Драмын академик театрын захирал, ОХУ-ын соёлын гавъяат зүтгэлтэн Борис Гунин, Улсын Драмын эрдмийн театрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга, жүжигчин, найруулагч О.Гэрэлсүх нар ажилласан юм.
Энэ жилийн наадамд Оросын телевизийн сурвалжлагын баг хүрэлцэн ирж бүрэн хэмжээний сурвалжлагат нэвтрүүлэг хийхээс гадна Солонгос улсын Кюн ги Их сургуулийн профессор, урлаг судлалын ухааны доктор Чунг Дон Хэ “Азийн Моножүжгийн орчин үеийн чиг хандлага” сэдвээр сургалт хийж тус сургалтын үйл ажиллагаанд СУИС болон мэргэжлийн уран бүтээлчид жүжигчид оролцсон юм.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ