Дуучин Т.Баясгалан “Алтан цомог” гаргалаа

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан ард түмний сэтгэлд хоногшсон дуунуудаасаа дээжлэн “Алтан цомог” гаргажээ. Т.Баясгалан хэмээх уран бүтээлчийн намуу атлаа хүчтэй хоолойг санагалзсан сонсогчдын хувьд “Алтан цомог” гэнэтийн бэлэг байлаа.
Нийтийн дууны ертөнцөд давтагдашгүй орон зай эзэлсэн дуучин бүсгүй эхийн элбэрэл, үрийн ачлал, зүрхний тайтгарал, насны хайр шингэсэн уран бүтээлүүдээ шинэ цомогтоо багтаажээ.
Уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан дуучин маань 2016 онд "Хос орчлон", “Хаврын найраг” дуугаараа эргэн ирэхэд дуу хоолой, орон зайг нь үгүйлсэн сонсогчид, урлагийн алтан тайз нь баярлан угтсан билээ.
Тэрбээр дуучин С.Жавхлантай хамтарч 2016 онд “Илгээлтийн эзэн” хандивын тоглолт хийх үедээ “Ард түмэндээ ая дуугаа өргөх өдрийг хоногоор биш, цаг, минут тоолон хүлээлээ. Сонсогчдоо, тайзаа, дуугаа маш их санасан байна” хэмээн хоолой зангируулан хэлж байсан.
“Хайрлан дуулмаар байна”, “Ботгоны дуу”, “Мөнхийн дэргэд ээж минь”, “Хаврын найраг” зэрэг сэтгэлд хүрсэн 20-иод дуу багтаасан “Golden album”-ыг Hi-Fi CD shop- ын бүх салбараар мөн хүргэлтээр түгээж байгаа аж.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ