Э.Сонинтогос: Манай улсын дуурийн урлаг ямар түвшинд байгааг хараарай

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, Монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын Хайдавын 90 насны ой энэ жил тохиож байгаа. Энэ ойд зориулсан "Монголын дуурийн хан хүү" сонгодог урлагийн тоглолт болох гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Дуурийн хан хүү" тоглолт энэ сарын 21-ний 17.00 цагт болох юм байна. Хүндэтгэлийн тоглолтод Хайдав багш хамгийн залуу шавьтайгаа ая дуугаа өргөх гэнэ. Мөн тоглолтод гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал зэрэг олон улсын шагналт шавь нар нь, СУИС-ийн морин хуурын чуулгын уран бүтээлчид зэрэг олон хүн оролцох юм байна.
Хурлын үеэр СУИС-ийн захирал Э.Сонинтогос "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуайн 90 насны ой, "Монголын дуурийн хан хүү" сонгодог урлагийн баяр нь дуурийн урлагт дуртай хүн бүрийн баяр болно. Монгол Улсын дуурийн урлаг олон улсад ямар төвшинд байгааг харж баярлаж бахархаасай гэж хүсэж байна" гэлээ.
Сонирхуулахад, Монголын хамгийн анхны мэргэжлийн дуурийн дуулаач бол Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын Хайдав билээ. Тэрбээр 1948 онд П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн консерваторид дуурь, концертын гоцлол дуучин мэргэжлээр суралцаж төгсөөд, 1954 онд Улсын хөгжимт драматик театр, тухайн үеийн Дуурь бүжгийн улсын академик театрын жүжигчин, дуучнаар ажиллажээ. Г.Хайдав нь 1963 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дэргэд анхны 12 оюутныг авч, гоцлол дуулаачийн студийг байгуулснаар эх орондоо мэргэжлийн дуурийн дуулаачийг бэлтгэх үндэс суурийг тавьжээ.
Энэ танхимаас Төрийн шагналт дуучин Х.Уртнасан, Гавьяат жүжигчин Д.Баадайжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Насанбуян зэрэг алдар цуутай уран бүтээлчид төрөн гарсан байна. Хүндэтгэлийн тоглолтод монголын үе үеийн алдартай дуучид болох шавь нар нь уран бүтээлээ толилуулж багшдаа хүндэтгэл үзүүлнэ. Г.Хайдав дуучин мэргэжил эзэмшсэн цагаасаа өнөөг хүртэл үндэсний болон сонгодог дуурийн 30 гаруй дүрийг бүтээж, урын сандаа 700 гаруй бүтээлтэй болоод байгаа ажээ. Мөн 20 гаруй оронд аялан тоглолт хийжээ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ