Гурван хана, 25 уньтай гэртэй танилцаарай

Гурван хана, 25 уньтай гэртэй танилцаарай

 

Сүхбаатар дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг яг одоо Сүхбаатарын талбайд болж байна.

 

Тэнд МХЕГ, сургууль, цэцэрлэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага тус бүр нэг асарт байрлан үйл ажиллагаагаа танилцуулж байна. Эдгээр асраас илүү 159 дүгээр цэцэрлэгийн ажилчдын барьсан ёс заншлын өргөө олны анхаарлыг татаж байлаа.

 

Ээждээ тэврүүлсэн хоёр орчим насны жаал “Ээж, ээж...” гэж дуудсанаа можгор гараараа тэр жижигхээн гэр рүү заана. Зөвхөн багачууд гэлтгүй гурван хана, 25 уньтай энэ гэрийн дэргэдүүр зөрөх томчууд ч “Энэ ямар хөөрхөн юм бэ” гэснээ гэрт хүрч, дотрох зүйлсийг нь сонирхоно. Шагайвал эзэн Чингис хааныхаа хөргийг хоймортоо залжээ. Мөн гэрийн хэмжээнд тохирсон тулга, тогоо, хөхүүр, ор, шагай, олбог зэргийг гэр тойруулан тавьсан байх аж. Уг гэрийг  159 дүгээр цэцэрлэгийн багш, ажилчид хийсэн гэнэ. Тус цэцэрлэгийн багш Б.Отгонбаяраас энэ талаар тодруулахад “Манай цэцэрлэгийн эмэгтэйчүүд нь оёж шидэхийг, эрэгтэйчүүд нь модоор хийх зүйлийг нь хийсэн юм. Бид цэцэрлэгийнхээ өрөөний багтаамжид тааруулан ийм жижгийг хийсэн. Манай ёс заншлын өргөө 3-5 хүүхдийн багтаамжтай. Хүүхдүүд их сонирхдог юм. Ээлжээр ороод л тоглодог юм даа” гэж байлаа.

 

Гэрийн гадаа ногоон талд таван хошуу мал идээшиж, зарим унага, ботго уяатай байх нь цаанаа л өхөөрдөм харагдаж байлаа. Эдгээр зүйлийг тус цэцэрлэгийн ажилчид эсгий ашиглан хийсэн гэнэ. Та хүүхдээ өдрөөс өдөрт биднээс холдсоор буй монгол ахуйтай түр ч гэсэн танилцуулаарай.

 

08.00 цагт эхэлсэн уг өдөррлөг 17.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Р.Ренчиндулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zss:
Muu yor
2017-09-19