Э.Номин: Авьяастай, тэвчээртэй хүн л урлагт үлддэг

Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Э.Номинтой уулзаж, ярилцлаа. Тэрбээр саяхан БНСУ-д зохион байгуулсан бүжгийн олон улсын уралдааны мэргэжлийн гоцлол бүжигчний төрөлд 14 орны 512 бүжигчнээс гуравдугаар байрт шалгарсан юм.
-Олон улсын уралдаанд амжилттай оролцсонд баяр хүргэе. Энэ уралдаанд амжилттай оролцсон нь бүжигчин болсны бас нэгэн бахархал байх. Бүжгийн урлагт хөл тавьсан үеэс тань яриагаа эхэлье?
-Баярлалаа, 14 дэх жилдээ зохион байгуулж буй мэргэжлийн бүжигчдийн “A” зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцсондоо баяртай байна. Өндөр зэрэглэлийн энэ тэмцээний оролцогчид бүгд мэргэжлийн хүмүүс байсан. Эдгээр мундаг бүжигчидтэй өрсөлдөөд гуравдугаар байрт орсондоо нэгдүгээр байрт орсон юм шиг л баяртай байна. Энэ хугацаанд надад тусалж, дэмжиж байсан хүмүүст, багшдаа баярлалаа. Тэмцээнд бүжиг дэглээч О.Ууганбаяр эгчийн дэглэсэн бүсгүй хүний сэтгэл зүрхний нандин бүхнийг илэрхийлсэн бүжгээр оролцсон. Миний хувьд 2001 онд ХБК-д элсч, 2005 онд төгссөн. Үүнээс хойш ҮУИТ-т 12 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна.
-Бүжгийн урлаг тэр дундаа үндэсний бүжгийг сонгосон шалтгаан нь юу байв. Орчин үеийн залуус үндэсний урлагаас илүү чөлөөт бүжгийг түлхүү сонирхох болсон юм шиг санагддаг.
-Анх сонгодог бүжгийн ангид шалгалт өгөөд тэнцэж байсан юм. Гэхдээ би авсан ангидаа ороогүй. Нэг жил өнжөөд Монгол бүжгийн ангид орсон. Монгол бүжиг биеийн болон сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, илүү баялаг, сонирхолтой санагдсан тул ийм сонголт хийсэн юм. Одоо ч энэ сонголтдоо харамсдаггүй.
-Та 12 жил мэргэжлээрээ ажиллажээ. Найман жилийн дараа юу хийхээ төлөвлөсөн л байх?
-Тийм ээ, найман жилийн дараа юу хийхээ мэдээж төлөвлөсөн. Бүжигчид 20 жил ажиллаад тэтгэвэрт гардаг. Би саяхан л сургуулиа төгсч, ҮУИТ-т бүжигчнээр ажилласнаас хойш 12 жил болжээ. МУИС-ийг улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Мөн маркетингийн менежерээр магистер хамгаалсан. Найман жилийн дараа энэ мэргэжлийн аль нэгээр нь ажиллана.
-Бүжигчин байхын сайхан нь, хэцүү нь юу вэ. Урлаг танаас ямар золиос шаардаж, танд юу өгсөн бэ?
-Бид хэдэн минут бүжиглээд л өнгөрөх үзүүлбэрийг өглөөнөөс орой хүртэл хэдэн өдөр бэлддэг. Гэтэл хүмүүс инээгээд бүжиглэж буй тэр байдлаар, хобби болсон ажлаа хийгээд явж байна гэж ойлгодог. Урлаг хүнд гоо зүйн таашаал өгөх зорилготой тул бид хэчнээн хүнд байсан ч инээгээд л бүжиглэдэг. Энэ бүхний ард олон жилийн хичээл зүтгэл, ачаалал даах чадварынхаа хүчээр гардаг. ХБК-ийн сурагчид 08.00-20.00 цаг хүртэл хичээллэдэг. Тэр ч утгаараа манай сургуулийн төгсөгчид багаасаа ачаалал дааж сурдаг, гүргэр, тэвчээртэй болж төгсдөг. Ажил дээр энэ нь их хэрэг болдог. Бүжгийн урлаг бусдыг хүндлэх ёс суртахуун, биеэ зөв авч явах чадварыг бий болгодог. Бүжиг хүний биеийг зөв хөгжүүлж, гоо сайхан бэлэглэдэг ч амьдралын хамгийн сайхан үе залуу насыг авч, бага зэрэг нас ахихад биднийг голдог, хаядаг.
-Таны хувьд ямар дүрд бүжиглэх дуртай вэ? Бүжиглэхсэн гэж хүсч явдаг дүр бий юу?
-Мэргэжлийн бүжигчин хүн ямар ч дүрд хувирч чаддаг байх ёстой. Миний хувьд “Монголын их хатад” бүжгэн туульсын Дөргэнэ хатны дүрдээ их хайртай. Энэ дүрд бүжиглэхдээ л би хамгийн их бодож, дүрдээ уусахыг хичээдэг.
-Бэлтгэл, сургуулилалтын үеэр бэртэл гэмтэл авахаас эхлээд бүжгийн урлагаар үргэлжүүлэн ажиллахаас залхах, шантрах үе бишгүй л гардаг байх.
-Тийм үе маш олон тохиолддог. ХБК-д дөнгөж ороод л хүүхдүүд шантарч эхэлдэг. Сургуулиа төгсөх, театрын тайзан дээр анх гарах, шинэ бүжиг сурах, ахмад уран бүтээлчдэд загнуулаад уйлах зэрэг шантармаар үе олон тохиодог. Тэр болгонд шигшигдээд, аль авьяастай, тэвчээртэй нь л урлагт үлддэг. Урлаг ийм л хатуу. Багаасаа ийм хатуу замаар явсан болохоор сүүлдээ энэ бүхнийг байх ёстой зүйл мэт хүлээж авдаг болсон. Бүжигчид дунд бэртэлгүй хүн байхгүй. Энэ мэргэжлийн өвчин болсон гэх үү дээ. Нас ахихад бүжигчдийн хөл нугалрахаа больдог.
-Манай улсад урлагийн салбарын үнэлэмж тун бага байдаг. Танд гаднын оронд ажиллаж, амьдрах санал ирж байна уу?
-Гаднын оронд ажиллах санал ирдэг. Гэхдээ эх орноосоо өөр оронд ажиллах, амьдрах бодол надад байдаггүй. Би гаднын оронд долоо хоноод л гэрээ санадаг. 14 хоноход тэсч, байж чаддаггүй.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Хайр дурлал, болзоонд зарцуулах цаг хэр гарч байна вэ?
-Ачаалал их байдаг тул чөлөөт цаг гарвал амрахыг л хичээдэг. Гэхдээ байнга бэлтгэл сургуулилалт хийж, хөдөлгөөнтэй байдаг хүн олон хоног хөдлөхгүй, гэрт байгаад байж чадахгүй юм билээ. Ээлжийн амралтаа авсан үедээ ууланд авирах зэргээр арай идэвхтэй байдлаар цагийг өнгөрүүлдэг. Чөлөөт цагаараа гэрт байх дуртай. Мөн найзуудтайгаа уулзаж “буу халах” дуртай. Би их яриасаг хүн л дээ. Энэ бүхний хажуугаар хайр дурлалд цаг гаргахыг хичээж байгаа. Миний бүх зүйл төлөвлөгөөний дагуу явдаг. 30 нас хүрээд гэр бүлтэй болно гэж төлөвлөж байсан. Тиймээс гэр бүлтэй болох гэж яардаггүй байлаа. Сүүлийн хоёр жил энэ сэдэв эрчимтэй яригдаж, үүнд цаг гаргаж байна. Төлөвлөгөөний дагуу энэ жил гэр бүлтэй болох ёстой. /инээв/ Аль болох өнөр өтгөн гэр бүлтэй болно гэж боддог. Ямар ч байсан дөрвөн хүүхдийн ээж болно оо.
-Таны цаашдын зорилгыг сонирхъё?
-Би олон зорилго, мөрөөдөлтэй. Мөрөөдлөө ярихаар биелдэггүй гэж үздэг тул бусдад энэ тухай ярих дургүй. Гэхдээ захаас нь нээхэд соёл урлагийн тогоонд чанагдаад 10 гаруй жил болсон тул соёлын яаманд ажиллахыг, хамт олноо төлөөлж энэ салбарт хэрэгтэй байгаа, оновчтой шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхийг хүсдэг.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ