О.Ононтунгалаг: Тигаг танилгүй ажлын саналаас нь татгалзаж байлаа

О.Ононтунгалаг: Тигаг танилгүй ажлын саналаас нь татгалзаж байлаа

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот дахь Майкел  Винсент академийг нүүр будалтийн чиглэлээр төгссөн О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажилладаг тухай өмнө нь мэдээлсэн. Энэ удаад түүнтэй онлайнаар холбогдож ярилцлаа.

 

Холливуд яг л аалзны тор шиг...

 

 

-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

 

-Намайг Оюунжаргалын Ононтунгалаг гэдэг. Би АНУ-д найман жил суралцаж ажиллаж, амьдарч байна.

 

-Майкел  Винсент академийг нүүр будалтийн чиглэлээр төгссөн юм билээ. Суралцсан сургуулийнхаа талаар танилцуулахгүй юу?

 

-Би Майкел  Винсент академийг нүүр будалтийн чиглэлээр гурван жилийн өмнө төгссөн. Төгсөөд сургуулийнхаа урилгаар туслах багшаар ажиллаж байсан бол одоо үндсэн багшаар ажиллаж байгаа. Багшлахын хажуугаар сургуульдаа “Cinema make up” гэх нүүр хувиргалтын ангид магистрийн зэрэг хамгаалахаар хичээллэж байгаа учраас сургуульдаа багшилдаг цаг багссан. Гэхдээ монгол болон гадаад охидуудад богино хугацааны сургалт явуулж, сертификат олгодог ажил хийж байна.

 

-Анх хүний газрыг зорьсон шалтгаан, хүсэл эрмэлзэл юу байв?  

 

-АНУ-д ирсэн гол шалтгаан бизнесийн удирдлагаар мэргэжил эзэмшиж, бакалаврын дипломтой болох байлаа. Суралцах хугацаандаа нүүр будалтыг сонирхоод энэ салбарт хөл тавьсан даа. Өнөөдөр өөрийн сонирхлын дагуу  продакшн, студитэй хамтран их олон ажлыг хийж байна.

 

-Одоо ажиллаж байгаа студи болон, өөрийн ажил мэргэжлийн онцлогоос сонирхуулахгүй юу? Холливудын алдартнуудтай хамтран ажилладаг гэхээр олон сонирхолтой зүйл ярих болов уу гэхээс хорхойсч сууна.

 

-Гурван жил Холливудад ажлаад явах хугацаанд өмнө нь хамтран ажилласан хүнтэйгээ эргээд заавал уулздаг. Тийм болохоор танил болчихдог. Холливуд гэдэг яг л аалзны тор шиг байдаг. Бас Америкчууд хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг юм шиг надад санагддаг. Ямар ч видео, зураг авалтад, үс, нүүр будалт, хувцаслалт гэдэг гурван зүйл өнгө нэмж байх учиртай. Тийм учраас би ганцаар нүүрээ будах биш хувцас сонгодог хүнтэй, зурагчинтай эсвэл телевизийн зураглаачтай хамтран ажилладаг. Энэ дөрвөн хүний хөдөлмөрийн үр дүнд ажил бүтдэг. Ажлын явцад аливаа бэрхшээл тохиолддог. Гэхдээ Америкчууд бие биенээ маш их хүндэлдэг учраас стресс багатай юм шиг санагддаг.

 

-Хамгийн сүүлд Ирина Шейк, Каспер Смарт нартай хамтран ажилласан гэв үү? Бидний телевизээр харж биширч суудаг уран бүтээлчидтэй монгол эмэгтэй хамтран ажиллаад нүүрийг нь будаж байна гэхээр бахархмаар юм.

 

-Маш их баярлалаа. Тийм ээ хамтарч ажилласан. Каспер Смартын хувийн нүүр будагчаар нь ажилласан. Харин Ирина Шейкийн будсан будалтыг нь сэргээж, камераар зураг авахад тослогтохгүй байх талаас нь хариуцаж ажилласан. Каспер смарттай найман цагийн турш зураг авалтад нь хамтарч ажиллаад гайхалтай сэтгэгдэлтэй үлдсэн шүү. Холливудын олон дуучин, бүжигчинтэй ажиллаж байхад би түүн шиг соёлтой, эмэгтэй хүнийг хүндэлдэг хүнтэй хамтарч байгаагүй. Өмнө нь Usher, Chris Brown зэрэг эрэгтэй уран бүтээлчтэй хамтран ажиллахад тэд үнэхээр өөрсдийгөө “од” гэдэгт бүрэн итгэсэн, өөртөө итгэлтэй, бардам байдлыг илэрхийлж байсан. Би Каспер Смартыг ч тийм л болов уу гэж бодсон. Гэтэл эмэгтэй хүнийг маш гоё хүндэлдэг нэгэн байсан шүү. Каспер Смарт ажил дууссаны дараа хамтдаа зургаа даруулах саналыг надад тавиад миний утсаар өөрөө зураг дарсан.

 

-Тэр танд хамтран ажиллах санал тавьсан гэсэн үү?

 

-Манай сургуультай хамтарч ажилладаг нүүр будагч хүн энэ ажлыг  санал болгож, намайг явуулсан юм. Каспер Смарт түүнтэй найман жил хамтарч ажилласан юм билээ. Тэр “Найман жил өөртэй чинь хамтарч ажиллахдаа энэ охин шиг таалагдсан нүүр будагчтай таарч байсангүй. Дараагийн удаа над руу хүн явуулахдаа энэ охиныг явуулаарай” гэсэн байна лээ. Харин надад Каспер Смарттай ажиллах  саналыг тавьсан хүн “Би түүн рүү 30 гаруй хүн явуулсан. Гэхдээ Каспер Смарт анх удаа “Эмнэлэг шиг цэвэрхэн охин явууллаа. Түүнийг дахин явуулаарай” гэж  хэллээ” хэмээсэн. Би үүнд маш их урамшсан.

 

Тигагийн хамгийн анх уулзсан монгол хүн нь би

 

 

-Олон алдартантай хамтран ажилласан юм билээ. Тэднээс урмыг үг сонсоно биз? Хамтран ажиллахад гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн нь хэн байв?

 

-Би Холливудын оддыг нэг их сайн мэддэггүй юм. Нэг инээдтэй зүйл яръя. Анх 2015 онд билүү дээ. Тухайн үед би сурдаг, хажуугаар нь багшилдаг байсан. Өдөр бүр багшлаад их ядардаг байлаа. Тэр үед сургуулиас Тyga гээд дуучны видеоны ажилд хамтарч ажиллах санал тавьсан. Тэгсэн би “Tiger” ирвэс гэж ойлгоод “Би ажиллахгүй” гээд л хариулчихсан юм. Гэртээ орж ирээд “Chris Brown”-той ажилладаг Tyga гээд интернетээр хайгаад үзсэн  чинь реппер Тига байсан. Тэгээд нөгөө хүндээ би ажиллъя гэсэн ч  ID шалгаж оруулах учраас ямар ч боломжгүй гэдэг хариу өгсөн. Сүүлд Тигагийн шинэ видеонд нь нүүр будагчаар ажиллах боломж олдож, түүний хамгийн анх уулзсан монгол хүн болж, халуун яриа өрнүүлж байлаа.

 

-Холливудын оддын нүүрийг будах хувь тохиол амар олдоогүй болов уу?

 

-Хоёр талтай. Нэгдүгээрт би өөрийгөө “амны хишигтэй” хүн юм болов уу гэж боддог. Хоёрдугаарт би фэйсбүүк пэйж хуудсаа нээхдээ  бусдад өгөх юмсан гэж зорьсон. Өнөөдөр би энэ мэдлэгийг үнэтэй олж авсан ч бусдад үнэгүй зааж сургахад татгалзах зүйл байгаагүй. Эргээд энэ нь надад маш гоё үүд хаалгыг нээж өгсөн гэж боддог. Олон хүний урмын үг намайг хурцалж, энэ гоё хүмүүстэй ажиллах боломж олдсон болов уу гэж боддог. Миний чин  сэтгэлээсээ хүссэн ажил минь учраас 16 цаг хөл дээрээ тасралтгүй зогсохдоо ядардаггүй юм. Хүмүүс намайг Холливудын ододтой зургаа даруулахгүй яасан юм бэ гэдэг. Үнэндээ бид гэрээ хийж, цалин мөнгө авч ажилладаг. Бичлэг цацагдах хүртэл ямар нэгэн бичлэг зураг оруулахгүй гэх заалттай гэрээнд гарын үсэг зурдаг. Нэг клипний зураг авалтад багадаа 100 гаруй хүн ажилладаг. Нэг нүүр будагч би зургаа даруулна гэхээр бүгд даруулах гэдэг учраас бидний утсыг хурааж авдаг. Үгүй бол утасны камер ажиллуулахгүй болгодог. Зураг дарах гэж оролдсон хүнийг ажлаас нь чөлөөлнө гэдэг. Тиймээс зургаа даруулах боломж нь бас зориг нь байдаггүй юм. 

 

-Нүүр будагч болох нь таны багийн мөрөөдөл байв уу? Энэ мэргэжлийг сонгоход юу нөлөөлсөн бэ?

 

-Багийн мөрөөдөл байсангүй. Харин загвар өмсөгч болохыг мөрөөддөг байлаа. Амьдралын явцад миний сонирхлыг татсан мэргэжил бол нүүр будагч гэж хэлж болно. Одоо бол би “Make up”-д хайртай. АНУ-д нүүр будалт маш өндөр хөгжсөн. Сайн ч цалин авдаг. Олон хүмүүстэй харилцаж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой сайхан мэргэжил юм шиг санагддаг.

 

-Эх орноо ээж, аавыгаа санаж байна уу. Тэдэндээ үг дайх боломжтой?

 

-Эх орноо, ээж аавыгаа маш их санана. Ээжтэйгээ өдөр бүр ярьдаг. Хамгийн баяртай мэдээгээ би ээждээ хэлж, баярлуулах дцртө. Ажлаа дуусаад ээж рүүгээ залгаад би ийм хүнтэй ажиллаа гэнэ. Ээж маань зарим хүмүүсийг танихгүй. Тэгсэн ч мэддэг юм шиг хөөрдөг /инээв.сур/.

 

Эх орондоо очоод энд сурсан зүйлээ монгол охиддоо үнэгүй заана

 

 

-Таны алс, хэтийн хүсэл зорилгыг сонирхож болох уу? Ирээдүйд та хэн байхыг хүсч байна вэ?

 

-Маш гоё асуулт байна. Миний хүсэл мөрөөдлийн дөнгөж эхлэл нь энэ. Би одоохондоо хүсэл мөрөөдлөө нууц хэвээр үлдээе. Би аливаа зүйлийг ярихаас илүүтэй хийхийг хүсдэг. Би АНУ-д сурч байгаа мэргэжлээрээ кинонд хүч сорихыг хүсч байна. Нэг ангитай эсвэл олон ангит кинонд хамтарч ажиллаж нэрээ мөнхлөхийг хүсч байна. Одоогоор кинонд дагалдангаар ажиллаж туршлага судлах боломж хайж байна. Мөн би Монголдоо очно. Заавал их төлбөр төлөлгүй, эх орондоо охидууд надаас нүүр будалтыг суралцах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.

 

-Жүжигчин, дуучдаас хамтран ажиллах санал ирж байна уу?

 

-АНУ-д бие биентэйгээ маш хүндэтгэлтэй харьцдаг. Тухайлбал миний будалт хэн нэгэнд таалагдвал надтай биш гэрээ байгуулсан студи руу холбогдож санал тавих ёстой. Тийм учраас бид ажлаа хийж явах хугацаандаа өөрсдийн бизнес картаа өгөөд “Залгаарай” гэж хэлж болдоггүй. Болно л доо. Гэхдээ бие биенийхээ араар өөрийгөө рекламдахад Америкчууд нээх дуртай биш. Би мэргэжлийн байхыг маш их хичээдэг. Одоогоор Каспер Смарт надад санал тавиад байна. Хичээлийн цагийн хуваариас шалтгаалаад хичээлгүй цагтаа би түүний нүүр будагчаар ажиллах боломжтой гэдгээ хэлсэн байгаа.

 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ydaj gol sedeb bls hvniihe nerig ni zob bicheechee
2017-08-09
Зочин:
тархи нь муу юманд сайн ажилладаг хүн вэ, чи өөрөө энэ охин шиг байж чадах ч гүй
2017-07-27
zochin:
Мундаг охин бна. Амжилт хүсье. хүний ур чадварыг үнэлдэг , ур чадвараа гаргах боломжтой газар ч сайхан юм оо
2017-07-27
Zochin:
Yuga ch medehgui bj yu yriad bgan?ene ohin mgl nuhurtei 2 huuhedtei. Yaahaara iim teneg setgelgeetei bdg bnaa?
2017-07-27
Зочин:
ХОЛЛИВУД-д уулзая
2017-07-26
Hmmmm:
Yaanaa hairan mongol bugs, hoshnogo, shit, abahiimgui bolson doo shit. Yaanaaaaa!!!!!!
2017-07-26
Зочин:
тархи нь муу юманд сайн ажилладаг хүн вэ, чи өөрөө энэ охин шиг байж чадах ч гүй
Зочин:
Mundag busgui bna oo. Saihan ch emegtei bna. Mongoldoo ireed Mongol ohidod sursnaa zaana gedeg n uneheer taalagdlaa. Sain yavaa negendee uram ogch ulam saihan bailgatsgaaj baiy manaihaan. Amjilt!
2017-07-26
Зочин:
mundag sain ohin bna. iim ohin humujuulj osgoson eej , aavd bayarlalaa. hamgiin sain saihnaiig huseye.
2017-07-26
ubman:
uhaalag saihan ohin bn! ulam ih amjilt!!!
2017-07-26
Daddy:
Сайн явах санааных, сайхан төрөх заяаных гэдэг юм шүү. Сайн яваарай сайхан охин минь.
2017-07-26