Одоогоор Монгол Улсад улаанбурханы 5360 тохиолдол бүртгэгдээд байна. Нийт өвчлөлийн 43.2 хувийг вакцины нас хүрээгүй 2 - 9 сартай хүүхэд эзэлж буй аж. Тиймээс хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалт хамруулах тушаалыг Эрүүл мэнд, спортын сайд гаргасан. Энэ дагуу нэмэлт дархлаажуулалт өнөөдрөөс эхэлж байна. Энэ дархлаажуулалт 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулах юм.
Нэмэлт дархлаажуулалтад заавал хамрагдах ёстой юу, вакцин хийлгэхэд ямар нэг хүндрэл үүсэх үү гэсэн асуултыг олон ээж асууж буй. Тиймээс бид энэ талаар ХӨСҮТ-ийн эмч Байгалиас тодрууллаа. Тэрбээр
-Улаанбурхан дэгдсэн учраас бүх хүүхдийг хамруулахыг зорьж байгаа. Товлолын вакцинд хамрагдсан байсан ч хийлгэх ёстой. Ямар ч вакцины дараа урвал хүндрэл илэрдэг. Тариулсны дараа хавдах, улайх, хүндүүрлэх шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ үүнээс айх хэрэггүй, вакциныг заавал хийлгэх ёстой. Улаанбурханы вакцин нь хавсарсан бус дан учраас тариулсны дараах хүндрэл бага байна.
-Товлолын вакциндаа саяхан хамрагдсан хүүхдүүд хийлгэх үү?
-Товлолын вакцинаа сарын өмнө хийлгэсэн бол нэмэлт дархлаажуулалтад хамрагдах ёстой. Харин вакцинаа хийлгээд сар болоогүй байгаа бол хамрагдах шаардлагагүй.
Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт энэ сарын 25 хүртэл явагдах бөгөөд дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд вакциныг хийх юм.
Уншиж байна |