Солонгос, Тайвань зэрэг улсад амжилттай болох магадлал бага байсан хагалгааг эх орондоо, тодруулбал “Интермед” эмнэлэгт хийлгэсэн нэгэн хүн тус эмнэлгийнхэнд баярласнаа илэрхийлэхээр манай сонинд хандсан юм. Ховд аймгийн Булган сумын иргэн тэрээр улаан хоолойн хорт хавдар авахуулсан бөгөөд удахгүй нийслэл хотод ирж, дараагийн эмчилгээндээ орох гэж байгаа аж. 64 настай У.Ж-тэй ярилцлаа.
-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу. Таны лагшин тунгалаг уу?
-Буянтай эмч нарынхаа буянд аюулт өвчнөөс аврагдаж, бие минь сайжирч байна. Ах нь хэдэн сарын өмнө хүнд өвчний онош сонсоод хүндхэн байсныг бодоход одоо сэтгэл санаа тайвшраад, бие минь ч хөнгөрөөд байна.
-Та өвчнийхөө тухай хэдийд яаж мэдсэн бэ. Өмнө нь өвдөж зовиурлаж байв уу?
-Өнгөрсөн оны есдүгээр сараас хуурай юм идэхээр тээглээд орж өгөхгүй, зөвхөн шингэн юм л уудаг болсон. Тэр хүртэл өвчин зовиур, шаналгаа байгаагүй. Тэгээд л хүүхдүүддээ хэлж, шинжилгээ хийлгэх юм болсон. Сумынхаа эмнэлэгт үзүүлж, тэндээ арван хоног хэвтэж эмчлүүлээд гарахад эмч нар маань хот руу явж нарийн шинжилгээ өгөхийг зөвлөсөн. Ингээд л хотыг зорьж, улсын болон хувийн томоохон хоёр эмнэлгийг зорьж шинжилгээ өгөхөд улаан хоолойн гуравны нэгийг хамарсан хавдартай, хавдар хожуу шатандаа орсон гэсэн онош тавьсан. Эмч нарт үзүүлэхэд хэдийгээр хавдар нь орчиндоо нөлөөлөөгүй ч таны уушги хагалгаа дийлэхгүй гэсэн л дээ. Би 45 жил тамхи татсан хүн, тэгэхээр миний уушги ямар олиг байх вэ.
-Тэгээд л “Интермед” эмнэлэг рүү очив уу?
-Хүүхдүүд маань гадагшаа Солонгос, Тайвань руу шинжилгээний хариуг явуулж, эмчилгээ хийлгэх талаар судалсан юм билээ. Гэтэл тэндээс хагалгаа амжилттай болох магадлал 20-30 хувь гэсэн хариу өгсөн гэсэн. Арга мухардаад байж байтал нэг танил маань аппарат, тоног төхөөрөмж сайтай, эмч нарын ур чадвар өндөр “Интермед” эмнэлэг байдаг гэнэ, очиж үзээч гэж зөвлөсөн. Тэндхийн эмч нар намайг их сайхан хүлээж авч, хагалгаа хийх боломжтой, амжилттай болно гэдэг итгэл найдвар төрүүлсэн. Ингээд арваннэгдүгээр сарын 20-нд өглөөний долоон цагаас эхэлсэн хагалгаа найман цаг үргэлжилж, улаан хоолойн хавдартай хэсгийг, мөн ходоодны дээд хэсгээс тайралт хийж авсан гэсэн. Тэнд би 12 хоноод гарч, гэр рүүгээ буцсан. Одоо хоёр сар болчихлоо. Эмнэлэгтээ очиж үзүүлнэ, химийн эмчилгээндээ орно. Биеийн байдал минь сайжирч байна. Гол нь би дэглэмээ сайн барих ёстой.
Хэлж ирдэггүй хийсч ирдэг, тэр дундаа амь дүйсэн аюулт өвчнийг минь анагааж өгсөн ачит эмч нартаа туйлын их баярлаж байгаагаа танай сониноор дамжуулан илэрхийлэх хүсэлтэй байгаа юм, болох уу. Бас бусад хүнд ч сургамж болог гэж бодсон юм.
-Бололгүй яах вэ.
-Хүмүүст хандаж хэлэхэд, маргааш, маргааш гэсээр нэг мэдэхэд л өвчин даамжирч, ялангуяа хавдар гэгч аюулт өвчин хаалга тогшилгүй орж ирдэг юм байна. Хожим харамсахгүйн тулд өөрийн биеийг хайрлаж, жилдээ ядаж нэг удаа зав гаргаж, зорьж нэг эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэж баймаар юм.
Ингээд “Интермед” эмнэлгийн хамт олон, А.Болд, Б.Цолмон, н.Оюунгэрэл нарын эмч, сувилагч болон асрагч нарт маш их баярласнаа илэрхийлж, хүн амыг эрүүлжүүлэх энгүй сайхан ажилд нь амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Биднийг зорин ирсэн У. Ж гуай ийнхүү талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм. Уншигч та “Интермед” эмнэлэгт хандахыг хүсвэл 77111109 утсаар холбогдоорой.
Эх сурвалж: Үндэсний шуудан