Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 16 аймаг, нийслэл, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг эм ханган нийлүүлэх 49 байгууллага, 153 эмийн сан, хоёр эмийн үйлдвэрт урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ.
Зах зээлд худалдаж байгаа хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэх, зах зээлээс буцаан татах, иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор уг шалгалтыг явуулсан байна.
Шалгалтаар эм хангамжийн байгууллагууд эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хүчинтэй хугацаа, цуврал, үйлдвэрлэгч тодорхойгүй буюу стандартын шаардлага хангаагүй эмээр үйлчилдэг. Эмийн сангууд өөрсдийн бэлтгэсэн эм, бэлдмэлээ бусад эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад түгээдэг зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Тухайлбал “Мон-Адонис”, “Түшиглэн”, “Астрафарм”, “Мөнхийн тун” компанид үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн витамин С уусмал улсын стандартгүй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй. “Монос” эмийн үйлдвэрийн 20 граммаар савласан 10 хувийн стрептоцидтой тос, мөн хэмжээтэй, хоёр хувийн салицилтэй тос, 20 граммын вазелины хүчинтэй хугацаа тодорхойгүй байжээ. Эдгээрийг буцаан татан авч дуусах хүртэл худалдан борлуулахыг хоригложээ.
Улсын байцаагчид 20 байгууллагад 120 заалттай албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. Мөн эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 20, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 60, стандартын шаардлага хангаагүй 69 нэрийн цуврал эм, эмнэлгийн хэрэгслийг хураан авчээ. Үүний зэрэгцээ эм зүйч, эм найруулагч нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.
Б.Буд
Уншиж байна |