Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/35 дугаар захирамжаар “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”ийн ажлыг зохион байгуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд нийслэлд амьдарч байгаа нэн ядуу, орон гэргүй, түр оршин суугчид, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн бүртгэл судалгааг шинэчлэн гаргаж, эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн даатгалд хамруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах юм. Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын эмч нарын сурагч, оюутнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийг эрүүлжүүлэх талаарх мэдлэг, чадварыг нь дээшлүүлэн үр дүнг тооцож ажиллах юм байна.
Харин дүүргийн Засаг дарга нар дүүргийнхээ онцлогт уялдуулан хийх ажил, хүрэх үр дүнг тусгасан бодитой ажил төлөвлөж хэрэгжүүлэхээр болжээ. 2013 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хүн амын тоо 1 216 802 болж, өмнөх оныхоос 32 605-аар, төрөлт 39 906 болсон нь өмнөх оныхоос 2 882 буюу 7,22 хувиар нэмэгдсэн боловч нялхас болон эхийн эндэгдэл нийслэлийн хэмжээнд төдийлөн буурахгүй байгааг холбогдох байгууллагуудаас мэдээлж байна. Эхийн эндэгдлийн 60 хувийг эх барихын шалтгаантай эндэгдэл эзэлж байгаа байгаа бөгөөд аюултай үр хөндөлтийн шалтгаантай эхийн эндэгдэл нийт эндэгдлийн 25 хувийг эзэлсэн байна. Эндэгдэл буурахгүй байгаа шалтгааныг нийгмийн бусад салбаруудын хамтын ажиллагаа дутагдалтай, иргэний эрүүл мэндийн боловсрол дутмаг, жирэмсний хяналтын чанар хангалтгүй, иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой бүртгэл судалгаа муу, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний шатлал хоорондын уялдаа холбоо сул зэргээс үүдэлтэй гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.
Тиймээс “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”- ийг зохион байгуулж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулан, эрүүлжүүлэх, ялангуяа бэлгийн замаар дамжих халдвар, нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчнөөс сэргийлэх, жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, аюултай үр хөндөлтөөс сэргийлэх, төрөлтийн болон төрсний дараах үеийн тусламж үйлчилгээний чанар,хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зорилт дэвшүүлэн, эх нялхсын эндэгдэлийг бодитоор бууруулж чадсан дүүрэг, эрүүл мэндийн байгууллагыг шалгаруулж урамшуулах юм байна.
5
Д.Цэцэг
Уншиж байна |