Эмч, эмнэлгийн ажилтны мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч байна
2013-10-15

ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат–Эрдэнэтэй ярилцлаа.

.

Танай байгууллага ямар үүрэг, зорилготой байгууллага вэ?

Манай байгууллага урьд нь Эрүүл мэндийн газар нэртэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустай ажиллаж байсан. Одоо “Эрүүл мэндийн хөгжлийн төв” нэртэй болж Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх статистик мэдээлэл, сургалт, судалгаа, зайн сургалт, оношилгоо, яаралтай түргэн тусламжийн асуудлыг хариуцдаг байгууллага юм. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын асуудал манай хариуцах үндсэн ажилд хамрагддаг.

.

Эмнэлгийн ажилтан, эмч нарын мэдлэг, чадваргүй, хариуцлагагүйгээс болсон гомдол, санал нэлээд гардаг. Энэ асуудал эмч нарыг бэлтгэх тогтолцоотой холбоотой юу?

Эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадвар, хариуцлага, ёс зүйн асуудлыг ярихын тулд эмч бэлтгэж байгаа тогтолцоогоо хамгийн түрүүнд авч үзэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль өөр яамны харьяанд ажиллаж, блок гэдэг Голландын амьдралаас тасархай сургалтын хөтөлбөр нэвтрүүлж, салбарынхаа бодлого, чиглэлд нийцэхгүй ажиллаж ирсэн. Ер нь эмч болохоор бэлтгэгдэж байгаа оюутнуудад дадлагын хичээл хийх боломж нөхцөл муу байдгаас болоод сургалтын чанар нь ч тааруу, төгсөөд гарч байгаа эмч нарын бэлтгэгдсэн байдал хангалтгүй, зах зээлийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй хэмжээнд хүрсэн нь маш харамсалтай. Энэ нь өнөөдөр эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа олон асуудлын эх үүсвэр нь болоод байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд анагаах ухааны боловсрол олгодог ЭМШУИС түүний салбар сургуулиуд, хувийн анагаахын сургуулиуд чанартай, мэдлэгтэй эмчийг хэрхэн бэлтгэх вэ гэхээсээ илүүтэйгээр эмч болох сонирхолтой, төлбөрийн боломжтой оюутнуудыг суралцуулж тооны хойноос, хатуухан хэлбэл мөнгөний хойноос хөөцөлдөж ирсэн нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чанарт сөргөөр нөлөөлөх болсон. Тус сургуулийн шинээр томилогдсон залуу удирдлагууд энэ тал дээр анхаарч ажиллана гэдэгт итгэж байгаа. Түүнчлэн шинээр төгсөгчдийг шууд анхан шатны нэгжид “дадлагажигч эмч“ нэрээр ажиллуулах болсон нь сум, өрхийн эрүүл мэндийн төвийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.

.

Яагаад сөргөөр нөлөөлж байгаа юм бэ?

Нэг талаас нь харахад эрүүл мэндийн салбар хүний нөөцийн бодлогодоо шинэчлэл хийж, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн хангамжийн асуудал шийдэгдэж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ иргэдтэй хамгийн ойр байдаг, иргэд хамгийн их ханддаг эдгээр төвүүд маань дадлагажигч эмч нарыг ажиллуулдаг дамжлага, тусламжийн газар болж хувирсан нь өрхийн эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн тогтвор суурьшил, чанар, үр дүнд муугаар нөлөөлж байна.

Нэгэнт дадлага туршлага муутай залуу эмч нар зонхилж байгаа учраас иргэд Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж асуудлаа шийдүүлэхийн оронд дээд шатны эрүүл мэндийн байгууллагад шууд хандах нь нэмэгдэж, эмч нар нь ч хариуцлагаас эмээж шаардлагагүй тохиолдолд дараагийн шатны эмнэлэг рүү илгээдэг болсноор дүүргийн эмнэлгийн ачааллыг эрс нэмэгдүүлээд байгаа нь хүн бүрийн нүдэн дээр ил байдаг. Тийм болохоор Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг дадлага туршлагатай, чадвартай, нэр хүндтэй эмчээр хангахгүйгээр өнөөдрийн үүссэн асуудлыг шийдвэрлэж чадахгүй.

.

Эмч бэлтгэдэг сургуулиудын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Энэ байдлыг хэрхэн засах вэ?

Хамгийн гол нь сургалтын чанарыг сайжруулахад сургалтын хөтөлбөр онцгой ач холбогдолтой. Ядахдаа эмчийн харилцаа хандлага, ёс зүйн хэм хэмжээ, мэргэжлийн алдаа, эмчийн хариуцлага гэдэг хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулж төгсөгчдөд яс маханд нь шингэтэл ойлгуулж өгөх юм бол өнөөдрийн гараад байгаа ёс зүйн болон мэргэжлийн алдаа, хариуцлагагүй байдал ингэтлээ их гаргахгүй байхсан.

Харин эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд энэ асуудлыг сөхөн тавьж ил тод болгож байгаа нь салбар эрүүлжихэд онцгой үүрэг гүйцэтгэж байна. Алдааг мэдээлэх журамтай болж, цахимаар бүртгэдэг болсон. Алдаа дутагдлаа мэдээлэхгүй нуудаг байдлыг зогсоох, хуурамч, алдаатай статистикийн үзүүлэлт, мэдээ гаргахгүй байх үүднээс мэдээллийн онлайн программыг нэвтрүүлж байна.

Эмнэлгийн мэргэжил бол бусад мэргэжлээс эрс өөр. Эмч болох гэж байгаа хүн өвчтөнг чагнаж үзэхгүй, эм бичихгүй, мэс заслын жижиг ч гэсэн ажилбар хийж, төрөлт удирдахад оролцож, хүүхэд эх барьж авахыг хийж үзэн дадлагажихгүйгээр шууд эмчилгээ эрхэлж явуулах ямар ч боломжгүй.

Ийм дадлагуудыг хийх боломж нь одоогийн оюутнуудад хомс байгааг өөрчилж томоохон эмнэлгүүд дээр дадлага хийдэг болгох хэрэгтэй. Сургуулиуд өөрийн гэсэн бааз эмнэлэг байдаггүй учраас дадлагын хичээл нь нэрийн төдий, чанаргүй явагдаж байна. Эмч нар нь эмийн жор ч бичиж чадахгүй төгсөж байна гэсэн шүүмжлэл бол энүүхэн энд шүү дээ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

.

Эмч болоод гарсных нь дараа мэргэжил мэдлэгийг нь хэрхэн дээшлүүлдэг вэ? Өнөөгийн тогтолцоог боломжтой гэж үзэж байна уу?

Эрүүл мэндийн ажилтны төгсөлтийн дараах сургалтад мэргэжил эзэмших резидентурын сургалтаас гадна эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлоготой холбоотойгоор аймаг, дүүргүүдэд ажиллах гэмтэл, сэтгэц, хавдар, түүний дотор хими эмчилгээний эмч, эрэгтэйчүүдийн эмч нарын сургалтыг эхлүүлэн явуулж байна.

Гадаад сургалтын хувьд энэ жил гурван чиглэлээр сургахаар Солонгос, ОХУ, Хятад, Турк гэсэн улсуудтай гэрээ хэлэлцээр хийсэн. Орос хэлтэй эмч нараа ОХУ –д мэс засал, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмчийн мэргэжлээр, англи хэлтэй эмч нараа БНСУ – д яаралтай тусламж, сэхээн амьдруулах мэргэжлээр, Японд эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр тус тус сургана. Мөн Туркэд нарийн мэргэжлийн эмч нарыг сургах ажил хийгдэж байна. Эдгээр сургалтуудыг төрийн сангийн санхүүжилтээр, Эрүүл мэндийн сайдын багцаас энэ оноос эхлэн зохион байгуулж байгаа ба гадаадад мэргэжил дээшлүүлэх эхний ээлжийн эмч нарын баг 10 дугаар сарын 16-ны өдрөөс явна.

Бид эмч нараа гадагш сургахаар явуулахдаа эмнэлэгтэй нь хамтран ажиллах санамж, гэрээ байгуулдаг. Сураад ирснийх нь дараа сурсан зүйлээ энд яаж хэрэгжүүлж байгааг заасан багш нь хяналт тавихаар тодорхой хугацаатайгаар Монголд ирж лекц уншиж, дагалдуулан ажиллуулахаар тохирсон байгаа. Манайхан гадаад орны хуулиар тэнд эмчлэх эрхгүй байдгаас дадлагаа хангалттай хийж чадалгүй зөвхөн үзэж, хараад, сонсож ирдэг. Ажиллах орчин нөхцөл бүрдээгүйгээс сурсан мэдсэн нь үр дүн, ач тусаа өгөхгүй байгаад дүгнэлт хийн ажиллаж байна. Түүнээс гадна сурснаа хэрэгжүүлэхэд шаардлагатай эм, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг дараа оны төсөвт тусгаж байна.

Гадны нэртэй эмч нар манай улсад ирж залуу эмч нарыг дагалдуулан сургаж, хяналт тавьж бие даалган сургадаг сургалтын энэ арга үр дүнтэй байгаа юм. Мөн зарим томоохон хувийн эмнэлгүүд гадны чадварлаг эмч нартай гэрээ хийж ажиллуулж, эмч нараа сургах, тэдний мэдлэг, чадвараас суралцахад зарцуулах хөрөнгийг бодлогоор дэмжих хэрэгтэй байна.

_

Энэ оны байдлаар хэчнээн эмч резидентурт суралцаж байна вэ? Сургалтыг явуулахад хэр хэмжээний хөрөнгө зарцуулагддаг юм бол?

2013 онд эрүүл мэндийн сайдын багц, төрийн сангаас 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр дээр дурдсан чиглэл, 23 мэргэжлээр үндсэн болон төрөлжсөн мэргэжил эзэмшүүлэх, дээшлүүлэх давтан сургалтад 695 эмч, 30 гаруй мэргэжлээр төрөлжсөн мэргэжил эзэмшүүлэх, дээшлүүлэх сургалтад 600 сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн гадаадад болон эх орондоо суралцсан байна. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалтад 500 мэргэжилтэн, зайн сургалтыг 15 сэдвээр телемедицин /зайны оношилгоо/, онлайн, DVD хэлбэрээр 21 аймаг, 9 дүүргийн 3500 гаруй эмнэлгийн мэргэжилтэнд явуулж мөн ажлын байрны сургалтыг “Эрүүл мэндийн байгууллагын шинэчлэл, эмнэлгийн яаралтай тусламж” болон клиникийн сургалтуудыг бүх аймгуудад явуулж байна.

  Хэдийгээр улсын төсвөөс нэлээд хөрөнгө зарцуулж төгсөлтийн дараах сургалтад эмч, мэргэжилтнээ хамруулж байгаа боловч энэ нь сургалтын хэрэгцээний дөнгөж 30 хувийг хангаж байгаа юм. Учир нь анагаах ухааны мэдлэг бол шинэ талх шиг байх ёстой. 10 жилийн өмнөх мэдлэг аль хэдийн хэрэггүй болсон байдаг бол 5 жилийн өмнөх мэдлэгийн тал хувийг нь ашигладаг гэсэн судалгаа хүртэл байдаг.

.

 Төгсөлтийн дараах сургалтад зайны сургалт, ажлын байран дээрх сургалт зонхилох болно гэж танай яамнаас мэдэгдэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

Орон нутгийн эмч нарыг нийслэл хот руу ирүүлж, сургалтад хамруулна гэхээр баахан чирэгдэл үүсдэг. Наанадаж орон нутаг дахь мэргэжлийн ажил нь орхигддог. Гэр орноо удаан хугацаагаар орхиод амьдрал ахуй нь ч тарамддаг. Ийм учраас зайны сургалт манай орны хувьд ихээхэн үр дүнтэй аргын нэг болоод байна. Ялангуяа багаар нь сургалтад хамруулах, сэдэвчилсэн сургалт явуулах, тухайн нэг асуудлаар онцолж сургалтыг зохион байгуулахад зайны сургалт ихээхэн ач холбогдолтой гэж бид үзэж байгаа. Эрүүл мэндийн сайдын санаачлага, оролцоотойгоор 2013 онд бүх аймгуудыг зайны оношилгоо /телемедицин/-ны тоног төхөөрөмжтэй болголоо. Үүнтэй холбоотойгоор аймаг бүрт сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж, зайны оношилгоо, эмчилгээний зөвлөгөө өгөх тоног төхөөрөмжийг суурилуулж дуусч байна. Энэ тоног төхөөрөмжийн тусламжтайгаар орон нутгийн эмч нар төвийн нарийн мэргэжлийн зөвлөх эмч, багшаасаа зөвлөгөөг цаг алдалгүй авах боломж нь нээгдэх юм.

Зайны оношилгоо сургалтын сүлжээг хэрхэн ажиллуулах дүрэм журмаа ч яам батлан гаргалаа. Монгол улсад хамгийн амжилттай хэрэгжсэн Дархлаажуулалтын хөтөлбөр шиг зайны оношилгоо, зайны сургалтын аргыг эрүүл мэндийн салбарын өдөр тутмын ажил, хэрэгцээ болгосон цагт их зүйл өөрчлөгдөнө гэж харж байна. Цаашид гадаадын эмч нараас эх орондоо байж байгаад оношлогоо, эмчилгээний зөвөлгөө авах нөхцөл ч бүрдэнэ.

.

Эмч, сувилагчдын лицензийн шалгалт тойрсон гомдлууд тасардаггүй. Сар бүр явагддаг энэ шалгалтыг өгөх гэж хөдөө орон нутгаас эмч, сувилагчид олноор ирж, баахан чирэгдэл үүсдэг гэж ярьдаг. Энэ асуудалд хэр анхаарал хандуулж байна вэ?

Аливаа зөвшөөрөл хүмүүсийн үйл ажиллагааг журамлах, тодорхой шалгуурыг хангуулах чиглэлтэй байдаг. Өнөөдөр зах зээлийн нийгэмд хүнийг хянаж, тогтсон журамд оруулах асуудлыг зөвшөөрлөөр л зохицуулахаас өөр аргагүй. Тухайн эмч мэргэжилтний мэдлэгийг шалгаж, юу сурсныг үнэлж, баталгаажуулсны дараа эмч, сувилагчаар ажиллах зөвшөөрөл олгодог .

Цаашид эмч, сувилагчдын лиценз авах шалгалтыг бусдад нээлттэй, ил тод болгох чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгаа. Эхний удаад лицензийн шалгалтыг цахим хэлбэрээр авдаг болно.

Шалгалтын тестийн санг эмчийн мэдлэг, ур чадварыг сорьсон, эмч хүн зайлшгүй мэдэх ёстой сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны талаарх мэдлэгийг үнэлэх чиглэлээр мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтарч ажиллаж байгаа.

.

Лицензийн шалгалт цахим хэлбэрт шилжвэл эмч, сувилагчид хол, ойроос танайхыг зорих шаардлагагүй болно гэсэн үг үү? Шалгалт цахим хэлбэрээр явагдсанаар эмч нарын ур чадварыг бодитоор үнэлэх асуудал эсрэгээрээ хүндрэх юм биш үү?

Шалгалт цахимаар явагдсан тохиолдолд нэг асуултыг минут орчимд бөглөхөөр тооцно. Цахим шалгалт өгч буй хүмүүс тестээ бөглөх үедээ шаардлагатай гэвэл ном, холбогдох материал харж болно л доо. Гол нь хугацаандаа амжиж тестээ бөглөхөд хангалттай. Шалгалтын хугацаа дуусмагц, автоматаар ямар оноо авсныг нь шууд хэлээд өгчихдөг хэлбэр рүү шилжинэ. Энэ нь эмч, сувилагчдын ажлыг хөнгөвчлөхөөс гадна ил тод болж байгаараа давуу юм. Лицензийн шалгалт цахимаар явагдсан тохиолдолд орон нутгийн эмч мэргэжилтнүүд заавал Улаанбаатарыг зорьж ирэх шаардлагагүй болох юм.

.

Эмч нарын мэргэжлийн ур чадвар хариуцлагыг дээшлүүлэхэд “Эмчийн эмч” чухал үүрэгтэй гэж би нэг гадны хэвлэлээс уншсан. Монгол орны хувьд?

Та маш чухал асуудал хөндлөө. Эмгэг судлал гэж анагаах ухааны нэг том салбар бий. Энэ салбар өнөөдөр манай орны хувьд мөхлийн ирмэгт тулаад байгаа. Байшин барилгыг нь Хууль зүйн яамны харьяа Шүүхийн шинжилгээний газарт шилжүүлсэн. Одоо энэ алба 5 өрөө түрээсэлж үйл ажиллагаагаа явуулж байна. Эмч нарын тавьсан оношийн алдаа, эмчилгээний тактикийг хянаж байдаг гол газар бол Эмгэг судлалын алба билээ. Тийм учраас эмч нарын эмч гэж энэ албыг үздэг. Саяхан Эрүүл мэндийн сайдын зөвлөл энэ албаны үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч цаашид сайжруулах талаар нухацтай ярилцсан байна лээ.

Энэ мэт эрүүл мэндийн салбар мэргэжлийн бодлогоггүй олон жил явснаас өнөөдөр хүнд байдалд ороод байна.

.

Бидэнтэй ярилцаж, мэдээлэл өгсөн Танд баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин
naiz :
Bat- Erdene sain durs onoshilgoonii emch zuw zuil yarisan bna tanii ajild amjilt khusie
2013-10-15