Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл мэндийн технологи-2013” үзэсгэлэнг ирэх дугаар сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.Үзэсгэлэнгийн өдрүүдэд Монгол улсад нэвтэрсэн болон шинээр нэвтэрч буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, төр хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх юм.
Тус үзэсгэлэнгийн үеэр оролцогчид, үйлчлүүлэгчдэд хараа, сонсгол шалгах, цусны даралт хэмжих, өндөр, жингийн индекс тодорхойлох, бие бялдрын сорил үзэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, бараа бүтээгдэхүүний амталгаа, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх үйл ажиллагааг зохион байгуулах аж. Тус үзэсгэлэнд эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, албан ёсны дистрибьютер, худалдааны төлөөлөгчийн газар, албан байгууллагууд оролцох боломжтой юм байна. Энэхүү үзэсгэлэнг Эрүүл мэндийн яамнаас Мишээл групп, Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг, Монголын эмч зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбоо зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм.
Д.Цэцэг