Лаосын Вилайван Пумкэ сайдыг хүлээн авч уулзав
2013-08-28

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, ойн яамны сайд ноён Вилайван Пумкэ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2012 оноос Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол улс, БНАЛАУ-ын Засгийн газрын хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар томилогдон ажиллаж байгаа юм.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын 9 дүгээр хуралдаан өнгөрсөн онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсныг онцлоод ноён Вилайван Пумкэгийн энэ удаагийн айлчлал дээрх хурлын үр дүнг бататгахад чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв.

Манай хоёр улсын хамтын ажиллагааны дийлэнх хэсгийг хөдөө аж ахуйн салбар эзэлдэг. Энэ ч үүднээс БНАЛАУ-д 10 мянган га газар түрээслэж, цагаан будаа тариалах асуудлыг хоёр улсын Засгийн газрын түвшинд ярилцаж байгаа аж. Тиймээс уг ажлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгаа Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлсэн үгэндээ дурьдаад Монголоос Лаос руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох, бусад олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж байгаа гэдгийг ч хэллээ.

БНАЛАУ-ын Хөдөө, аж ахуй, ойн яамны сайд ноён Вилайван Пумкэ Эрүүл мэндийн сайдад найрсаг дотноор хүлээн авч буйд талархлаа илэрхийлээд Засгийн газар хоорондын комиссын 9 дүгээр хуралдааны протоколд тусгасан арга хэмжээнүүдэд анхаарлаа хандуулан ажиллаж буйгаа дуулгасан.

Мөн ноён Вилайван Пумкэ Монгол, Лаосын мэргэжилтнүүдийг туршлага солилцуулах, зоотехникч, малын эмчийн мэргэжлээр оюутан солилцох сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүчнлэн Лаос улс сайн чанарын хатуу улаан модоороо алдартай учраас тавилгын чиглэлээр, хүнсний  бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх тал дээр  хамтран ажиллах  хүсэлтэй байгаагаа ч уулзалтын үеэр онцолж байлаа.

 П.Наран

Shuud.mn
Сонин хачин