Гэмтэл согог судлалын эрдмийн чуулган эхэллээ
2013-06-21

  “Гэмтэл согог судлалын 15-р эрдмийн чуулган” өнөөдөр эхэллээ. Гэмтэл согогийн шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжөөд шинэ техник, технологи хурдацтайгаар нэвтэрч улам нарийсч байгаа орчин үед оношлогооноос эхлүүлээд бүхий л эмчилгээ, сувилгааны туршид чадварлаг, хөнөөл багатай мэс ажилбарыг өртөг бага зардлаар найдвартай төгс үр дүнд хүргэх зорилготойгоор уг чуулганыг зохион байгуулж байгаа юм.   Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Гэмтэл согог судлалын үндэсний төв, БНСУ-ын гэмтэл согогийн эмч, судлаачид, Монголын гэмтэл согогийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй энэхүү чуулганд Нийслэл, хөдөө орон нутгийн нийт 120 орчим эмч, мэргэжилтнүүд оролцож байна. Нийгмийн эрүүл мэнд, удирдлага зохион байгуулалт, Гэмтэл согогийн эмнэлзүй, Сувилахуйн тусламж үйлчилгээ гэсэн ангиллаар шилдэг судалгаа-шинжилгээний ажил, шилдэг илтгэлийг тодруулах бөгөөд Улаанбаатар-Сонгдо эмнэлгийн Тархи, нуруу нугасны мэс заслын их эмч Ц.Ганзоригт, Ортопед эмнэлгийн зөвлөх эмч Т.Баянхүү, ГССҮТ-ийн дэд захирал Р.Энхсайхан нар шүүгчээр ажиллаж байна.   Монголын гэмтэл согог судлалын эмч нар өндөр хөгжилтэй орнуудын нарийн технологи шаардсан мэс заслыг өөрийн оронд нутагшуулах чиглэлээр ихээхэн амжилттай ажиллаж, судалгаа хийж байгааг онцолж байлаа. Гэвч дурангийн мэс заслын төрлийг олшруулж улам бүр төгөлдөржүүлэх, дурангийн хагалгаа, цээж, хэвлийн хөндий, нуруу нугасны хагалгаанд нэвтрүүлэх, судсан дотуурх мэс заслын төрлийг нэмэгдүүлэх, тулгуур хөдөлгөөний эрхтэний төрөлхийн согог өвчтөнд эмнэлзүйн генетик судалгааны аргуудыг нэвтрүүлэх, үнэлгээ, үр дүнгийн судалгаа хийх нь тулгамдсан зорилт болж байна. Үүний чухал үндсэн хөшүүрэг нь судалгаа эрдэм шинжилгээний цар хүрээг нэн даруй өргөжүүлж, эмч бүр судалгааны ажлын гол үр дүнг тулгуур хөдөлгөөний эрхтэний гэмтэл согогийн оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх асуудлыг шийдэхэд салбарын тэргүүлэх чиглэл болгох ёстойг дурьдаж байлаа. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин