Согтуурах, мансуурах донтой өвчтөнг эмчлэх эмч дутагдалтай байна
2013-05-08

  Нийслэлийн Багахангай дүүрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар байдаг. Энэ газрын  үйл ажиллагаатай Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Мөнхбат, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Насанцэнгэл, Наркологийн эмнэлгийн дарга Н.Дэмидмаа нар танилцсан байна. Тус газрын орны тоог 100 хүнээр баталсан боловч одоогийн байдлаар 213 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа.  Эмчлүүлж буй иргэдийн 60-70 хувь нь ямар нэгэн суурь өвчинтэй ирдэг, албадан эмчилгээг хийх явцад суурь өвчин нь сэдэрдэг. Тиймээс өвчтний биеийн байдал хүндрэх тохиолдолд бусад эмнэлэгт шилжүүлэн эмчлэх талаарх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус газрынхан хүсч байлаа. Мөн эмч, сувилагчдын хүрэлцээ муу байдаг бөгөөд согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг мэргэжлийн удирдлагаар хангах, эмчилгээг сайжруулах хэрэгтэй байгааг хэлжээ. Түүнчлэн хэвтэн эмчлүүлэгсдийн эмнэлгийн орны хүрэлцээ муу, байрны асуудал нэн хүндрэлтэй бөгөөд ашиглалтын хугацаа хэтэрсэн учраас дээврээс ус гоождог, агааржуулалт байхгүй, мөөгөнцөртөх гээд олон асуудал байдаг байна. Тус газрын Ерөнхий эмч П.Хэрлэнцэцэг “Манай эмнэлэгт эмч, сувилагчдын хүрэлцээ үнэхээр муу байна. Эмнэлгийн стандартад нийцэж ажиллаж байгаа гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Манай сувилагч нар 3 ээлжээр гарч байгаа. СЭМҮТ-ээр жишээ авахад, сувилагчид нь 5 ээлжээр гардаг. Дандаа сэтгэцийн архаг өвчтэй хүмүүстэй бид ажилладаг болохоор өвчтөн тус бүрт тулж ажилладаг. Эм өгөөд орхичихгүй, уухыг нь харна, бүр болохгүй бол нухаж уулгана гээд асуудал, ачаалал маш их. Зарим тохиолдолд 300 хүртэл өвчтөн авдаг. Тэгэхээр 1 сувилагчид 100 гаруй өвчтөн хуваарилагддаг. Асрагч гэсэн орон тоо байдаггүй, тухайн өдрийн 24 цагийн ээлжтэй байгаа сувилагч асаргаа, сувилгаанаас гадна цэвэрлэгээ үйлчилгээг давхар хариуцдаг. Иймд холбогдох шийдвэрийг яаралтай гаргаж өгнө үү” гэжээ. Харин Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Мөнхбат “Эмнэлгийн үйл ажиллагаатай бодит байдалтай танилцлаа. Салбарын сайдад уламжилж эмчилгээ, сувилгааг сайжруулахтай холбогдсон шийдвэрийг гаргах болно. Юуны түрүүнд 2,3 дугаар шатлалын эмнэлгүүдэд танайхаас өвчтөн шилжүүлэх асуудлаар холбогдох газруудад мэдэгдье, ийм системд шилжиж ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zzzz:
bugd arxichid yom chin emchlex emch ni ch xurtel arxichin bolchixson yaj oldox be de
2013-05-08