
Хүн нэг л удаа өвчлөөд дахин хэзээ ч өвчилдөггүй цөөн хэдхэн өвчний нэг нь гахайн хавдар. Дахин өвчилдөггүй, нэг их хүндрээд байдаггүй хэмээн иргэд энэ өвчний хор уршгийг үл тоох нь бий. Гэвч хүндэрвэл үргүйдэлд хүргэх эрсдэлтэй гахайн хавдрын өвчин сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийн дунд гарсан хэвээр л байна. Түүнчлэн гахайн хавдрын улмаас панкертит, орхит, менингитээр хүндрэх хандлагатай байгаа талаар тус эмнэлгээс мэдээлсэн юм. Энэхүү мэдээллийн дагуу тус эмнэлгийг зорьж, гахайн хавдарийн өвчлөл хэр байгааг сурвалжиллаа.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д гахайн хавдар өвчний улмаас 2-15 орчим насны эрэгтэй голдуу 250 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хүүхдүүд цэцэрлэг сургуульдаа ангийнхаа хүүхдээс халдвар авсан, +40 хэм хүртэл халуурсан, хоолой хатаад, дотор муухайрсан хэмээн хэлж байна.
Агаар дусал, амьсалын замаар халдварладаг энэхүү өвчин хаврын улиралд дэгдэлт байдлаар гарч, зун өвчлөлийн тархалт оргил үедээ хүрдэг байна. Гахайн хавдараар гол төлөв 5-13 насны хүүхэд багачуул өвчлөөд зогсохгүй эрэгтэй хүүхдэд тусч даамжирвал үргүйдэлд хүргэх аюултайг эмч нар сануулав. Энэ сэдвээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй ярилцлаа.
-Гахайн хавдар өвчин, түүний халдварлах замын талаар тодруулаач?
- Гахай хавдар нь цус задлах үйлчилгээтэй “парамиксовирус”-ээр үүсгэгддэг. Чих орчмын шүлсний булчирхай болон булчирхайлаг эрхтнүүд, мөн тархины эд, зөөлөн бүрхүүлийг үрэвсүүлж, халууралт, хордлогоор илэрдэг цочмог халдварт өвчин. Өвөл, хаврын улиралд, 4-15 насны хүүхдүүдийн дунд зонхилон тохиолддог. Эх уурхай нь өвчилсөн хүн бөгөөд агаар дуслаар хүнээс хүнд, өвчтөний шүлсээр бохирлогдсон эд юмс, аяга халбага, тоглоом зэргээр дамжина. Нэг ёсондоо ахуйн замаар мөн хадварлах эрсдэлтэй гэсэн үг.
- Илрэх шинж тэмдэг?
-Агаар дуслын болон амьсгалын замаар халдварладаг болохоор эхлээд халуурч ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Толгой өвдөж хоолонд дургүйцэх, бие сулрах тал бий. Зажлах, амаа ангайхад эрүүний углуургаар өвдөх, шүлс багасаж ам хуурайших, чихээр хатгаж өвдөх, чихний арын хонхорыг дүүргэсэн хавдар үүсч, шанаа, хацар, эрүү, хүзүү рүүгээ тархсан байхаас гадна, тэмтрэхэд эмзэглэлтэй. Гол хэсгээрээ хатуу, захаараа зөөлөн, арьс нь хэвийн өнгөтэй байдаг. Хүний биеийн дархлааны онцлогоос хамаарч заримдаа онцын шинж тэмдэг илрэхгүй байх талтай л даа.
-Шинж тэмдэг нь илрэхгүй байсаар даамжирвал яах вэ?
-Гахайн хавдар өвчний нууц хугацаа нь 12-25 хоног гэж үздэг. Ихэвчлэн 38-39 хэм хүртэл цочмог халуурч эхлэнэ. Гэхдээ анхны шинж тэмдэг анзаарагдахгүй байгаад өвчин даамжирвал эмчилгээ авахад хүндрэлтэй. Гахайн хавдар туссан бол яваандаа үргүйдэлд хүргэх аюултай. Эрэгтэй хүүхдэд ихэвчлэн нэг талын төмсөгний үрэвсэл нийт өвчлөлийн 20-30 хувьд нь үүсдэг. Эмэгтэйд өндгөвчний үрэвсэл маш бага буюу ойролцоогоор таван хувьд нь л тохиолддог. Төмсөг хатингарших, үргүй болох зэрэг хүндрэл цөөнгүй гардаг. Тиймээс эцэг эхчүүд бага насны гэлтгүй өсвөр насны хүүхдийнхээ биеийн дархлаа, эрүүл мэндэд ихээхэн анхаарч байх нь чухал. Багадаа, магадгүй өсвөр насандаа гахайн хавдар тусч байсан хүүхэд олон жилийн дараа үргүйдэлд өртөх эрсдэл ч бий. Ер нь гахайн хавдар нойр булчирхайн үрэвсэлийн хэлбэрээр тусвал бүсэлхий, аюулхай, зүүн талын хавирган доогуур өвдөх, дотор муухайрах, бөөлжих, шингэнээр суулгах, гэдэс дүүрэх шинжээр илэрдэг. Мэдрэлийн хэлбэрийн үед халуун нэмэгдэх, толгой өвдөх, олон удаа бөөлжих, менингит, энцефалиттай хавсарч тохиолддог талтай. Энэ үед мартамхай болох, хэт ядрах, толгой өвдөх, рефлекс алдагдах зэрэг үлдэц тохиолдоно.
-Гахайн хавдараас яаж сэргийлэх вэ?
-Гахайн хавдраас сэргийлэх вакциныг товлосон хугацаанд нь тариулах, хоцорсон бол нөхөн вакцинжуулалтад хамрагдаж болно. Харин гэрийн нөхцөлд 4-15 насны хүүхдийн хоолойг сармисны ханд, фурациллины уусмал, содын уусмалаар өглөө оройд зайлах, витаминлаг хоол, унд өгч байх гээд ер нь хүүхдийн дархлааг сайжруулах нь чухал.
-Нэгэнт гахайн хавдараас өвчилсөн бол ямар эмчилгээ хийлгэх вэ? Дэглэм сахих ёстой юу?
-Хөнгөн хэлбэрийн үед өрхийн эмчийн хяналтад гэрээр хэвтрийн дэлгэм сахин эмчилж болно. Харин хүнд болон дунд хэлбэрийн явцтай үед нь зайлшгүй мэргэжлийн эмчид хандаж, эмнэлэгт хэвтүүлэн эмчилдэг. Ихэвчлэн гэрийн нөхцөлд дураараа эм тариа хэрэглэснээс өвчнөө даамжруулж, улмаар эмнэлэгт ирсэн ч эмчилгээ авахдаа удаан байдаг тал бий. Мөн сахих дэглэмийн хувьд жижиглэж, машиндсан махтай хоол идэж, шингэн зүйл их уулгана. Хурц өөх тостой хоол, хийжүүлсэн ундаа, халуун ногоо, шарсан хайрсан хоол идэхгүй байх нь дээр. Хоол идсэний дараа хоёр хувийн содын уусмалаар амаа зайлах, чих орчмын шүлсний булчирхайд хуурай халуун жин тавина. Төмсөг хавдсан үед төмсгөнд сойлт хийх зэргээр гэрийн нөхцөлд эмчилгээний наад захын дэглэм сахиж болно.


Сурвалжлагч П.Наран гэрэл зургийг Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ