Хүнгүй хотын дарга нар биш, хүнээ татсан бодлого хэрэгтэй

img

 

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ” гэж тусгасан.  Энэ дагуу Улаанбаатар хотыг 15 дагуул хот, тосгодтой байхаар төлөвлөж эхний ээлжид дэд бүтэц, суурьшил, үйлдвэржилт зэргийг харгалзан таван дагуул хотыг хөгжүүлэх төлөвлөлт хийсэн байдаг.

Дэд бүтэцгүй, хүн ч үгүй нэрийг нь өгснөөс цаашгүй Хархорум, Хүннү хотуудын дарга нар томилогдов.

Хүннү хотын захирагч Батбаяр, чөлөөт бүсийн дарга нь Б.Саранчимэг, Хархорум хотын дарга Л.Халтар.

1980 оноос хойш хот барьж үзээгүй Монголчууд 40 жиийн дараа ийн сүрдэм нэртэй хоёр хотын нэг Хүннү хотыг Төв аймгийн Зуун модод, Хархорум хотыг Өвөрхангай аймагт барьж байгуулна гэж зорьж буй.

Хүннү хот Улаанбаатар хотын төвлөрөлийг бууруулахад яг хэдий хэмжээгээр нөлөөлөх нь тодорхой бус. Ямартаа ч тодорхой хувиар бууруулна гэх. Төмөр зам, чөлөөт бүс, тээвэр ложистикийн төв болж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 10-15 хувиар тэлнэ гэх. Тус хотод төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрлах бөгөөд нисэх буудлыг түшиглэн олон улсын дээд хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах цогцолбор байгуулж, үйлчилгээний менежмент аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ. Хүн төвтэй, ухаалаг хот болгон хөгжүүлнэ.

Шинэ Хархорум хотод 500 мянган хүн ам амьдарна. Хотын суурьшлын бүсийг 25 мянган га-д хийхээр төлөвлөсөн аж. Хархорум хотыг засаг захиргаа, түүх, соёлын аялал жуулчлал, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэл, эрүүл мэндийн үйлчилгээний төв болгон хөгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон аж. Хотод байгуулах нийгмийн дэд бүтэц буюу цэцэрлэг, сургууль хаана, хэдийг байгуулах нь үндсэндээ тодорхой болсон гэв.  

Монголчуудын түүхэнд Хүннүгийн үеийн Орд, Их Монгол Улсын Хархорум хот нь дэлхийд гарсан төрийн томоохон төвүүдийн нэг байсан гэж бахархдаг. Гэвч өнөөдөр бид тэдгээр хотын туурийг очиж үзэхэд хүний чимээ үгүй, дэд бүтэцгүй туурь, өнгөрсөн алдар гавьяаны дурсамж л харагддаг.

Тэнд “хот” байх боловч хүн алга, дэд бүтэц алга. Амьдралын хэмнэл үгүй энэ дүр зураг өнөөгийн зарим аймаг сумдтай яг адилхан.  Өнөөдөр ч зарим орон нутгийн удирдлагууд “хот байгуулна”, “орон нутаг хөгжинө” гэж тунхаглах боловч үнэн хэрэгтээ хүн суурьших нөхцөлгүй, ажлын байргүй, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, замгүй хийсвэр төлөвлөлт л болж хувирна. Хөгжил гэх нэрийн доор хий хоосон барилга босгосон ч тэнд хүн ирэхгүй бол хэнд зориулсан хот вэ?

Бодлого нь бодит амьдралаас тасарсан, иргэн төвтэй биш, тоо төвтэй. “100 айлын хороолол барина” гэх боловч 100 айл ирэхгүй. Учир нь ажил алга, зам алга, найдвартай ус, цахилгаан, сургууль ч алга. Ийм үед оршин суугчдыг татах хүч болох дэд бүтэц, амьдралын чанар нь хамгийн чухал зүйл гэдгийг мартаж болохгүй. Монголын түүхэн хотуудын сүүлчийн хувь заяа ч үүнийг нотолдог. Хархорум хот хэчнээн сүрлэг, түүхэн ч байлаа гэсэн дэд бүтэц нь дампуурч хүн ам нь тарахад л түүх болон үлдсэн. Өнөөдрийн хот байгуулалт ч мөн “зураг дээр хөгжсөн, амьдрал дээр хоосон” болбол бидний байгуулж буй ирээдүй ч мөн Хархорумын хувь заяаг давтаж мэднэ. Иргэдийн амьдрал, орлогын бодит эх үүсвэр байхгүй газар барилга босгох нь туурь үлдээхэс хэтийдэхгүй. Иргэн төвтэй, дэд бүтэц суурьтай, хүнээ дагуулсан хот л жинхэнэ хөгжлийн загвар байх учиртай.

Хот байгуулалт уу, хий хоосон төсөл үү?

“Шинэ хот” байгуулах санаачилга, төсөл, тендерүүдээр дүүрэн байна. Зарим аймаг, сумдад “мега хороолол”, “төвлөрсөн орон сууцны бүс”, “үйлдвэрлэл дагасан хот” байгуулна гэсэн мэдэгдэл цуварсаар. Гэвч газар дээр нь очиход баригдаж буй хэдэн барилгаас өөр зүйл үгүй. Хүний амьдрал байхгүй, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, инженерийн дэд бүтэц бүрдээгүй газар руу хэн суурьших вэ? Хотын гэгдэх энэ төслүүд бодит амьдралаас тасарсан, төлөвлөлтгүй, иргэдийн хэрэгцээгүйгээр босож байна. Үнэндээ ийм “хотын дарга нар” бол яг л Хархорумын сүүлчийн дарга нар шиг. Хүмүүс аль хэдийн явчихсан, харин тэд л бүтэцгүй газарт, сүртэй нэртэй албан тушаалтайгаа үлдсэн.

Дэд бүтэцгүй бол хот биш. Хот гэдэг нь ганц барилга биш. Энэ бол хүн амын амьдралын чанар, үйлчилгээ, ажлын байр, холболт, найдвартай дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо гэсэн цогц ойлголт. Хэрэв энэ бүгд байхгүй бол тэр газрыг “хот” гэж нэрлэх боломжгүй. Гэтэл манай зарим бодлого боловсруулагчид “барилга” = “хөгжил” гэж эндүүрдэг. Барилга бариад л хөгжил ирнэ гэж үздэг. Үнэндээ барилга бус, дотоод бүтэц, хүний хөгжил, бодит орчин нөхцөл л хүнийг татдаг.

 Хархорумын түүх бидэнд юу хэлж байна вэ?

Түүхэн сурвалж, археологийн судалгаанууд Хархорум хотод язгууртнуудын өргөө, урчуудын дүүрэг, сүм хийд, зах зээл, харуул хамгаалалт зэрэг цогц бүтэц байсан гэдгийг баталдаг. Гэвч эдгээр нь эзэн нь явмагц, систем нь нурмагц л нэгхэн зуун хүрэхгүй хугацаанд үгүй болсон.

Хүнээ дагуулсан хөгжил рүү эргэн харах цаг... 

  • Иргэн төвтэй, хэрэглээнд суурилсан хот байгуулалт руу чиглэсэн бодлого хэрэгтэй байна.. Амьдралын эх үүсвэр буюу (ажлын байр, орлого)
  • Инфраструктур (ус, дулаан, зам, цахилгаан, интернет)
  • Нийгмийн үйлчилгээ (сургууль, эмнэлэг, нийгмийн хамгаалал)... Эдгээр нь бүрдээгүй тохиолдолд ямар ч сүрлэг нэртэй хот “хүнгүй туурь” болох нь гарцаагүй.

 “Хүнгүй хотын дарга” нарыг биш, хүнээ татсан хотын бодлого боловсруулах хэрэгтэй байна. Дарга нараа...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ