ЭНЭТХЭГ ПАКИСТАНД 36 ЦАГИЙН ДОТОР ЦОХИЛТ ӨГНӨ

img

 

Кашмирт болсон халдлагаас үүдэн Энэтхэг Пакистаны харилцаа хурцдаж байна. Тодруулбал, Кашмир мужид 26 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг Пакистаны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл үйлдсэн гэж үзэж буй Энэтхэгийн эрх баригчид Исламбадын эсрэг цэргийн ажиллагаа явуулж магадгүй болж байна. Уг мэдээллийг CNN онцолсон бөгөөд Пакистаны тагнуулын байгууллага Энэтхэг улс цэргийн ажиллагаанд бэлдэж буйг баталжээ.

Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарар, "Энэтхэг улс 24-36 цагийн дотор бидний эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байна” гэх тагнуулын баттай мэдээлэл бий гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн хяналтад байх Кашмир мужид зэвсэгт этгээдүүд гал нээж 26 хүний аминд хүрсэн. Амиа алдсан 26 жуулчны 25 нь энэтхэг жуулчид байсан бөгөөд тус улсын эрх баригчид тусгай мөрдлөг явуулсан байна.  Уг мөрдлөгөөр зэвсэгт халдлагыг Пакистаны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл үйлдсэн болох нь батлагдсан гэх дүгнэлт гаргажээ. Пакистаны эрх баригчид зэвсэгт халдлагыг үгүйсгэж, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн Энэтхэгийн эрх баригчдад хариу арга хэмжээ авч тус улсын дипломатчдыг хөөж гаргасан байдаг.

Энэтхэг, Пакистан улсууд 80 жилийн өмнө Их Британиас хяналтаас ангижирч, тусгаар тогтнолоо зарласан. Энэ цагаас хойш Энэтхэг Пакистан улсууд хяналтын шугам гэх “де-факто” хилээр хуваагдсан уулархаг бүс нутгийн төлөө гурван удаа дайтжээ.

2019 онд Энэтхэгийн хяналтад байдаг Кашмир мужид цэргийн албан хаагчид руу томоохон халдага гарсан байдаг. Энэ халдлагын дараа Энэтхэг улс Пакистанд агаарын цохилт өгсөн юм.  Энэ агаарын цохилт 1971 оны мөргөлдөөнөөс хойшх анхны томоохон цохилт болсон байна. Харин өнгөрсөн долоо хоногт болсон Кашмирын халдлага талуудын дунд дахин мөргөлдөөн үүсгэх магадлалтай болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ