В.ПУТИН ЯЛАЛТЫН БАЯРААР ТҮР ГАЛ ЗОГСООХОО МЭДЭГДЭВ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 5-р сарын 8-нд ялалтын баярыг угтаж түр гал зогсоохоо мэдэгдлээ. Түр гал зогсоох хугацаа 5-р сарын 8-ны өглөөнөөс 5-р сарын 11 хүртэл үргэлжилнэ гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдэгдээд байна. Энэ мэдэгдлийн дараа Украины Гадаад хэргийн сайд Андрий Сыбиха “ Гурав хоног гал зогсоох нь дэндүү богино, дор хаяж 30 хоног гал зогсоох”-ыг ОХУ-д уриаллаа.
ОХУ-ын зүгээс Улаан өндөгний баярын үеэр 30 цагийн хугацаатай гал зогсоосон. Энэ хугацаанд талууд бага зэрэг амсхийж, амины хохирол бага үзсэн боловч гал зогсооход мөрдөгдөх ёстой зарим дүрэм зөрчигдөж, бие биенээ буруутгаж байсан юм.
Орос- Украин түр гал зогсоох оролдлогыг нийт 20 гаруй удаа хийсэн байдаг. Оролдлого бүр бүтэлгүйтэж, зарим тохиолдолд хүчин төгөлдөр болсноос хойш хэдхэн минутын дотор эргээд байлдаж эхэлсэн байдаг.
Энэ удаад ялалтын баярыг угтсан түр эвлэрлийг “Хүмүүнлэгийн үүднээс” хэмээн тодотгосон бөгөөд хэрэв “Украины тал гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн тохиолдолд ОХУ-ын Зэвсэгт хүчин зохих арга хэмжээг авах болно" гэж мэдэгдэлдээ дурджээ.
АНУ-ын талаас Орос-Украины дайныг зогсооход зуучилж байгаа ч тодорхой ахиц дэвшил гарахгүй байгаад бухимдаж хэлэлцээрээс гарна гэж мэдэгдсэн. Мөн Дональд Трамп ОХУ-ын Украинд өгч буй цохилт, агаарын довтолгоог буруушааж "Владимир Стоп"... долоо хоногт 5 мянган цэрэг үхэж байна. Энхийн хэлэлцээр байгуулцгаая хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн нь Д.Трампын тэвчээр барагдаж буйн илрэл гэж шинжээчил үзэж байна.
ОХУ 2022 онд Украинд халдан довтолсоноос хойш тус улсын газар нутгийн 20 орчим хувьд хяналтдаа тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ