
Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алт багийн иргэдийн “Баян мөрөн” хөдөлгөөнийхөн хугацаагүй суулт зарлаад байсан бол өнөө оройноос эхлэн өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.
Тус сумын иргэдийн суулт зарлаж, улмаар өлсгөлөн зарлахдаа хүрсэн шалтгаан нь тэдний амьдарч буй газар нутагт Канадын “CGBEM” компанид ашиглалтын 947 га, хайгуулын 4000 га газарт лиценз олгосон аж.
Канадын компанид уул уурхайн лиценз олгосноор Хар алт багийн 300-400 айлын 2000 гаруй хүн оршин суудаг ба мал идээшлэх, нүүх бэлчээргүй болоход хүрээд байгаа аж.
Энэ асуудлыг Увс аймгийн удирдлагууд шалгаж “Тус компани хуулийн дагуу ажиллаж байгаа учраас ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй” гэсэн аж.
Харин “Баян мөрөн” хөдөлгөөний иргэдийн хүсэлтээр аймгийн Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийхэд Байгаль орчинд нөхөн сэргээх үнэлгээ хийлгээгүй байжээ.
Иймд нутгийн иргэд төрж өссөн нутаг орноо хамгаалж эсэргүүцлээ илэрхийлсэн ч үр дүнд хүрээгүй тул Увс аймгаас төрөн гарсан олны танил хүмүүс болон тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдэд хаяглан захидал илгээсэн аж. Одоогоор Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэдийн ирүүлсэн санал хүсэлтийг МУГЖ С.Жавхлан хүлээн авснаа мэдэгдэж, маргааш Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зохион байгуулахаар болжээ.
Тэрээр энэ үеэр Увс аймгийн Бөхмөрөн сумын өнөөгийн байдал, иргэдийн захидлыг олон нийтэд танилцуулах юм байна. Мөн түүнд илгээсэн захидлын хамт ирсэн уул уурхайн ашиглалтад хордоод байгаа “шороо”–г Увс аймгийг төлөөлөн УИХ-д сууж буй гурван гишүүнд хүргүүлэх болсноо мэдэгдэх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ