Ерөнхий сайдын эсрэг ‘’АН’’-ын бойкот

img

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн нэрийг зориуд С.Баярцогт гэж дуудсандаа маргаашийн чуулганаар уулчлалт гуйхгүй бол АН Засгийн газрыг бойкотолно.

Ингэхдээ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ж.Баярмаа гишүүнээс, амаар уучлалт гуй гэж шаардаж буй. Хэрвээ уучлалт гуйхгүй бол АН-ын бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна.

АН-ын бүлэг чуулганы хуралдааныг бойкотловол УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд ямар өөрчлөлт орох вэ, хэлэлцэх асуудлууд гацах уу гэх асуулт бий. Тэгвэл энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэхээр товлосны хоёр нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль байна.

Тодруулбал,  Засгийн газраас нэгдүгээр сарын 24-нд өргөн мэдүүлсэн Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Уул, уурхайн биржийн тухай хууль нь нүүрсээр бартер хийж болох агуулгатай 10.3 дахь заалтаасаа болоод УИХ-ын босгыг давж чадаагүй. Улмаар Засгийн газар уг хуулиа эргүүлэн татсан бөгөөд засч сайжруулах уу бүр мөсөн татах уу гэдгээ өнөөдрийн хуралдаанаараа шийдвэрлэнэ.  

Дээрх хуулиудыг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барих бөгөөд эл бүгдээс Ардчилсан намын бүлэг завсарлага авна гэсэн үг юм. Хэрвээ УИХ-ын дарга хүссэн хугацаагаар нь завсарлага өгөхгүй бол Ардчилсан намын бүлгийн гишүүд картаа уншуулчхаад санал асуулгад оролцохгүй. Санал өгөхгүй бол тухайн асуудлыг дэмжээгүйгээр бүртгэдэг. Ингэснээр чуулганы ирц бүрдэхгүй байх, бүрдлээ гэхэд Засгийн газрын өргөн барьсан асуудлууд дэмжигдэхгүй байх магадлал өндөр болж байна. Учир МАН-ын бүлэг 70 гишүүн дээрээ нэмээд Иргэний зориг ногоон намын дөрөв, "Үндэсний эвсэл"-ийн дөрвийг бүгдийг нь чуулганы ирцэнд оруулах бараг боломжгүй юм. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоолойд тулсан асуудлуудаа явуулахын тулд уучлалт гуйх сонголтын өмнө тулж байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр энэ нь хоёр хүний маргаан, үг хөөхөөр үхэр хөө гэдэг агуулга огтоос биш бөгөөд эсрэгээрээ Засгийн газарт хяналт тавих эрхтэй УИХ-ын үйл ажиллагааг үл тоосон, Засгийн газар ажлаа УИХ-д тайлагнадаг байх ёстой, УИХ-ын гишүүн нь ард түмнийг төлөөлж ажиллана зэрэг Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх магадлалтай юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ