Гурван намаас ЭТТ-д томилогдсон бүтээмжийн менежерүүд

img

Төрийн болон орон нутгийн өмчит компаниудад Засаг хамтран барьж буй гурван намаас дэд даргын эрэмбэтэй менежерүүдийг томилж эхэлсэн.

Тэгвэл улсын төсөв хийгээд нүүрсний экспортын гол ачааг үүрдэг "Эрдэнэс Тавантолгой"-д МАН, АН, ХҮН намаас нэг, нэг менежер томилогджээ.

МАН-аас С.Баярмөнхийг Бизнес хөгжил хариуцсан менежер, Ардчилсан намаас Н.Пунцагийг Хяналтын менежер, ХҮН намаас Б.Мөнхболдыг Бүтээмжийн менежерээр томилуулжээ. Дэд даргын эрэмбэтэй албан тушаалд эдгээр хүмүүс  өнгөрсөн нэг, хоёрдугаар сард томилогджээ.

Ардчилсан намаас томилогдсон Хяналтын менежер Н.Пунцаг жолооч, туслахтайгаа очсон бөгөөд компанийн боловсон хүчний 30 хувьд АН-аас хүмүүс томилно хэмээжээ. Тэрээр Ардчилсан намын ҮБХ–ны гишүүн, Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилладаг нэгэн. 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Ховд аймагт нэр дэвшиж байсан.

С.Баярмөнхийн хувьд ЕТГ-ын дарга Г.Занданшатарын сонгуулийн менежерээр ажиллаж байсан бөгөөд тэрээр "Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан аж. 

Харин Б.Мөнхболдын тухайд 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намаас хойд бүсэд нэр дэвшсэн ч унасан. Тиймээс намаас нь түүнийг "Эрдэнэс Тавантолгой" компанийн Бүтээмжийн менежерээр томилуулаад байгаа юм.

Засгийн газар хамтарсан нэрийн дор төрийн өмчит компани болон төрийн оролцоотой үйлдвэрийн газруудад 400 гаруй бүтээмжийн болон хяналтын менежер томилно гэх. Зөвхөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд буй найман компанид 16 бүтээмж, хяналтын менежер томилжээ.

Энэ мэтчилэнгээр төрийн өмчит компаниудад намын ‘’цүнх баригчдыг’’ гоё нэр өгөөд томилох нь улс төрийн томилгооны шинэ хэлбэр болоод буй. Юун нөгөө төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах... Харин ч эсрэгээрээ төрийн өмчит компаниудын удирдлагын бие даасан байдал, мэргэжлийн удирдлага, хариуцлагын тогтолцоонд сөргөөр нөлөөлнө.

Цалин өндөр, үүрэг тодорхойгүй

Төрийн өмчит компаниудад томилогдсон менежерүүдийн сарын цалин 5-6 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа нь эдийн засгийн хямралтай үед төрийн зардлыг нэмэгдүүлэх нь тодорхой. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байдаг найман компанид нийт 16 бүтээмж хариуцсан менежер, хяналт хариуцсан менежер томилогдсон бөгөөд эдгээр менежерүүдийн цалин нь тухайн компанийн санхүүгийн нөхцөлөөс хамаарч 5-6 сая төгрөг.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ренчин:
юу ч бүтээхгүй тэгээд гахай шиг л идэж ууна даа. Хамтарсан засаг тэнэг л юм байна
2025-04-30