ЕАЭЗХ-нд нэгдэх нь цаг хугацааны асуудал болов

img

ЕАЭЗХ-ны чөлөөт худалдааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэх нь ОХУ-ын шахалт биш , Засгийн газрын хүсэл гэх. Тэгвэл эдийн засгаа сэхээнд оруулж, жижиг дунд бизнес эрхлэгчдээ нугаслах энэ хэлэлцээрийг баталж болохгүй гэх мэргэжлийн байгууллагын судалгаа гарч, эдийн засагчид бараг өдөр бүр Монгол Улсад ашиггүй гэж сануулж буй. Гэсэн ч Лу.Гантөмөр тэргүүтэй Засгийн газрын гишүүд энэ дүгнэлтийн хажуугаар нүдээ аниад чихээ бөглөөд явж байна. УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжихгүй байр суурьтай байсан ч намын бодлогын эсрэг явбал ирэх сонгуулиар улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг дарамтаар эс хүссэн ч ЕАЭЗХ-нд нэгдэх асуудлыг дэмжиж кнопдох тохироо хийгджээ. 

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийг Улсын Их Хурлын Байнгын хороод дэмжин, Засгийн газарт хэлэлцээр байгуулах эрхийг олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү хэлэлцээр нь уул уурхайд хэт төвлөрсөн Монголын эдийн засгийг төрөлжүүлж, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэх зорилготой стратегийн алхам гэж үзэж байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн тайлбарласнаар, уул уурхайн бүтээгдэхүүн нийт экспортын 93 хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь Монгол Улсын эдийн засгийг савлагаанд өртөмтгий болгож байна. Тиймээс уг хэлэлцээрээр дамжуулан уул уурхайн бус салбарын бараа бүтээгдэхүүнийг Евразийн зах зээлд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх нь чухал гэжээ.

Хэлэлцээрийн хүрээнд нийт 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон бөгөөд эдгээрийг шууд татварыг тэглэх, бууруулах, тодорхой хэмжээний квотод хөнгөлөлт үзүүлэх гэсэн дөрвөн ангиллаар хэрэгжүүлэх юм. Ялангуяа дотоодын үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс өндөг, улаанбуудай зэрэг эмзэг бүтээгдэхүүнд тусгай зохицуулалт оруулсан байна. Жишээ нь, өндөгний жил тутмын 90 сая ширхэг хүртэлх импортод 7.5 хувийн татвар ногдуулж, энэ хэмжээг давбал 15 хувийн өндөр татвар үргэлжлэн үйлчлэх бол улаанбуудайн квотыг 50 мянган тонноор тогтоожээ.

Түүнчлэн экспортын үйл явцад тулгардаг саад бэрхшээлийг бууруулах зорилгоор гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулж, 5000 еврогоос доош үнэтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй байх заалт оруулсан нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ээлтэй нөхцөл бүрдүүлж байна.

Уг хэлэлцээр хэрэгжсэнээр мах, ноос, ноолуур, арьс шир зэрэг уламжлалт бүтээгдэхүүний экспортын хэмжээ 50-140 хувиар нэмэгдэх боломжтойг албаныхан тооцоолж байгаа аж. Евразийн холбооны орнууд зөвхөн 2023 онд эдгээр төрлийн бараанд 15 тэрбум ам.долларын импорт хийсэн нь Монголын үйлдвэрлэгчдэд томоохон зах зээл нээгдэх боломжтой гэсэн тооцоо гаргажээ. 

Хэлэлцээрийн төслийг боловсруулах явцад төр, хувийн хэвшил, салбарын холбоодын төлөөлөл хамтран ажиллаж, үндэсний эрх ашгийг тэргүүнд тавьсан гэж дүгнэсэн байна. Ингэснээр экспортын бүтцэд өөрчлөлт оруулах, дотоодын үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлд илүү өрсөлдөх чадвартай болгох чухал алхам тавигдаж байгаа гэв. 

Улмаар УИХ-ын гишүүдийн олонхын саналаар уг хэлэлцээрийг дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурах эрх олгохоор шийдвэрлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guuligachinguud
2025-04-24