Монголын экспорт хумигдаж байна

Энэ өдрүүдэд Вашингтон хотод Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2025 оны хаврын уулзалт болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трампын явуулж буй тарифыг (импортын татвар) огцом өсгөх бодлого, худалдааны дайн болон бодлогын тодорхой бус байдлаас шалтгаалан ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа мэдэгдэхүйц бууруулжээ.2025 онд Дэлхийн эдийн засгийн өсөлтийг анх 3.3%-иар өснө гэж тооцож байсан бол 0.5 нэгжээр буулгаж 2.8% болгожээ.
Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлтийг ч мөн бууруулж тооцсон байна. Тухайлбал АНУ-ын өсөлтийг 2.7%-иас 1.8%, Германы өсөлтийг 0.6%-иас 0.0%, Их Британы өсөлтийг 1.6%-иас 1.1%, Японы өсөлтийг 1.1%-иас 0.6% болгон тус тус бууруулж тооцоолов.
Манай худалдааны гол түнш Хятадын 2025 оны өсөлтийн таамаглалыг өмнөх 4.6%-аас 4.0% болгон 0.6 нэгжээр бууруулжээ
“Худалдааны дайнд ялагч байдаггүй” гэдэг нь олон улсын эдийн засагт батлагдсан аксиом гэдгийг л сануулж байна. Хожих орон үгүй, бүх тал хохирдог. Өргөн хүрээндээ бүх дэлхий хохирдог.
Хятадын өсөлтийг 0.6 нэгжээр бууруулж тооцсоныг шийдвэр гаргагчид онцгой анхаарах хэрэгтэй. Манай экспортын ихэнх нь Хятадаас хамааралтай тул Хятадын өсөлтийн сааралт манай экспортод сөргөөр нөлөөлнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ