Дарханы замыг зурсан компаниас нөхөн төлбөр авна

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дөрвөн засаг, зургаан сайдын нүүрийг үзэж буй. Олон жил маргаан, асуудал дагуулсан тус зам одоо ч бүрэн ашиглалтад орж дуусаагүй. Сүүлийн найман жилд зам тээврийн ослын улмаас 300 гаруй хүн зуурдаар нас барж, 200 орчим гэр бүл дотны хүмүүсээ алдаж өнчирсөн. Энэ бол зөвхөн Дарханы замд авто осолд орж амиа алдсан хүний тоо. Тэгвэл нийтдээ ес дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа тус замын зургийг зурсан компанид хариуцлага тооцохоо Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан мэдээлсэн.
200-хан км замд 26 аюулгүй тойрог, 40 хурд сааруулагч хийсэн байна.
Хэдэн км тутамд хурд сааруулагч хийсэн гэсэн үг вэ? Замын зураг зурж байгаа зарим компаниуд мөнгө олохын төлөө улсын эдийн засаг ямар ч хамаагүй гэж хандаж байна шүү дээ. Тиймээс Дарханы замын зургийг зурсан компанид хатуу хариуцлага тооцно. Эхний ээлжид зураг зурсан компанид хариуцлага тооцно. Авлигатай тэмцэх газраас ч мэдээлсэн. Зураг зурсан компаниас бүх нөхөн төлбөрийг гаргуулах хүртэл арга хэмжээ авна гэлээ.
Зам тээврийн Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Л.Халтар, Б.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан гэх долоон сайдын нүүр “үзэж” буй.
Анх тус замыг концессийн гэрээгээр барихаар болсон ч улсын төсөвт дарамт учруулна гэж үзээд, Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бариулахаар эхний хэлэлцээрүүдийг хийсэн байдаг. Мөн тус замын нийт төсөв 733.4 тэрбум төгрөг гэх мэдээлэл бий.
Дээрх замын дөрвөн эгнээг өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард нээсэн ч одоо хэр нь бүрэн ашиглалтад ороогүй байгаа юм. Түүнчлэн зам нээснээс ердөө таван сарын дараа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард цас орсны улмаас эвдрэл үүссэн нь энэ замын чанарыг илтгэж буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ