Ардын намын ‘’угжаа хурганууд’’

МАН дипломат албаар шал арчиж буй томилгоонууд шил даран хийгдэж байна. Монгол төрийн босго давсан цагаасаа амь тасрах хүртлээ зууралдах нь гэсэн хүмүүс бий . УИХ-ын сонгуулиар намаасаа нэр дэвшиж чадаагүй, гудамжинд гарагсдад өгч буй Ардын намын бэлэг элчин сайд, элчингийн зөвлөх, консул.
Дипломат алба бол улс төрийн “шагналын сандал” биш
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр /2025.04.21/ төрийн ордонд дипломат томилгоонуудаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа халаглаж харагдсан. Амаргүй байнаа гэж. Түүнийг Гадаад харилцааны сайд болсон цагаас дипломат албаны томилгоо ураг төрлийн шинжтэй болчихсон, угаас тийм байх мэтээр ойлгож томилогдох гэж зүтгүүлдэг улс төрийн ’’шахаа’’ одоо ч буй гэв. Хамгийн сүүлийн жишээ. Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа нарын томилгоо мөн л шүүмжлэл дагуулсан. Бүгд шалгалтад тэнцсэн гэх үгээр сайд ам таглав. Хатуухан хэлэхэд Монголын улс төрд амьгүй албат, ард түмнээр дүнгээ тавиулчихсан ардын намын ‘’анай’’ нар хилийн чандад Монголын эрх ашгийг хамгаална гэдэг хол хэвтэнэ. Тэдэнд улсын мөнгөөр хэдэн жил гэр бүлээ тэжээлгэж, тавтай тухтай орчинд амьдрах нь туйлын зорилго. Тиймдээ ч томчуудын өмнүүр сүүлээ шарвалзуулан байж мэрит зарчмыг уландаа гишгэж, мэргэжлийн хүмүүсийн урдуур оочир дайран орох шалтгаантай улс.
Дипломат албаны тухай хуулийг илүү нарийвчилж, томилгооны ил тод, мерит зарчимд тулгуурласан шалгуур тогтоох нь чухал.
Монгол Улсын дипломат албан тушаалтан нь зөвхөн нэг төрийн албан хаагч биш, харин улс орны тусгаар тогтнол, хөгжлийн ирээдүйг төлөөлөн ажилладаг, өндөр ёс зүй, ур чадвартай байх ёстой онцгой үүрэгтэн. Гадаадад Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй элчин сайд, консул, төлөөлөгчид нь тухайн орны улс төр, эдийн засаг, соёлын орчинд Монголын байр суурийг тодорхойлж, манай улсын нэр хүндийг өсгөх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үүргийг хүлээдэг. Тэдгээр хүмүүсийн үг, үйлдэл бүр улс орны гадаад бодлогыг илэрхийлж байдаг тул мэргэжлийн, туршлагатай, олон улсын эрх зүй, дипломат ёс зүйг сайн мэддэг хүмүүс томилогдох ёстой гэсэн шаардлага бий.
Мэргэжлийн бэлтгэлгүй, тэр ч бүү хэл улс төрийн учраа мэдэж амжаагүй ‘’анай’’ нар Монголын эрх ашгийг бүрэн дүүрэн хамгаалж чадахгүй төдийгүй хоёр талын харилцаанд үл ойлголцол, сөрөг үр дагавар авчрах магадлал өндөр. Тиймдээ ч дипломат томилгоонд эмзэг хандах учиртай юм уг нь.
Дэлхий нийтэд улс орнуудын хоорондын харилцаа улам бүр гүнзгийрч, олон улсын тавцанд улс орны нэр хүнд, эрх ашгийг хамгаалах нь урьд урьдаас илүү чухал болсон энэ цаг үед гадаад харилцааг удирдан чиглүүлдэг дипломат алба онцгой ач холбогдолтой байна.
Ийм чухал албанд мэргэжлийн хүмүүсийг томилох нь Монгол Улсын тусгаар тогтнол, гадаад бодлогын залгамж чанар, ирээдүйн хөгжилд оруулж буй үнэт хөрөнгө оруулалт гэдгийг Ардын намын ах нар ч огоорч буй нь эмгэнэл.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ