БНХАУ АНУ-ЫН АЖ ҮЙЛДВЭРҮҮДЭД “ХҮНД ЦОХИЛТ” ӨГӨВ

Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдож тангараг өргөсөнөөс хойш АНУ-ын эрх ашгийг хамгаалах Америк нэгдүгээрт бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бодлогын хүрээнд дэлхийн бүх улс орнуудад ногдуулах импортыг татварыг нэмэгдүүлсэн нь худалдааны дайны галыг өрдөж байна. Дональд Трамп шалтгааныг нь тун энгийнээр тайлбарлаж буй. Ердөө л дэлхийн улс орнуудтай хийх худалдааны балансыг тэнцвэржүүлэх.
Гэвч... Жинхэнэ шалтгаан нь юу вэ?
Дональд Трампын засаглалын үед АНУ-ын овоо хараандаа онилж буй ганц улс нь Хятад байсан, одоо ч байгаа. Энэ бүхний цаана худалдааны дайн, харилцан ногдуулах импортын татвараар халхавчилсан геополитикийн сөргөлдөөн ид өрнөж байна. Өндөр технологийн бүтээгдэхүүний гол түүхий эд газрын ховор элементийн чимээгүй дайн Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд үл анзаарагдам өрнөж байсан бол одоо ил тод шахуу болж. Арга ч үгүй биз. Нүд ирмэхээс ч хурдан хөгжиж байгаа технологийн хөгжлийн хурдыг зөвхөн газрын ховор элементтэй улс л гүйцэж бусдыгаа дагуулах нь тодорхой. Газрын ховор элементийн нөөц, нийлүүлэлтийг Хятад хянаж байна. Дональд Трамп үүнд л эгдүүцэж буй. Зөвхөн Дональд Трампын бодлого л газрын ховор элементийн далд дайн хийж байна уу гэвэл үгүй...
Ардчилсан намынхны засаглал ч зөөлөн хүчний бодлогоор “бусдын” газрын ховор элемент рүү гэтэж байсан. Хөрөнгө оруулах, хамтран ажиллах, дипломат далд бодлого хэрэгжүүлэх, тагнуулын үйл ажиллагаа явуулах гэх мэт.
Харин Дональд Трампын бодлого ил тод. Тиймдээ ч Грийнландыг худалдаж авах, Украинаас дайны төлбөртөө ховор элементийн ордоо ашиглуулах шахалт үзүүлсэн.
МОНОПОЛ
Дональд Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Хятадтай худалдааны дайн эхлүүлсэн. Энэ бол 2018 он. Америк Хятадын худалдааны дайн дэлхийн эдийн засгийн эргэлтэд нөлөөж буй сөрөг үзэгдлүүд хаа сайгүй өрнөж байх зуурт Ши Жиньпин газрын ховор элемент бол стратегийн чухал нөөц хэмээн үзэж, хайгуул олборлолтоо улам нэмэгдүүлж байв. Хятадад шинэ ордууд шил дарааллан илэрч, анхны худалдааны дайнаас хойш 6 жилийн дараа гэхэд газрын ховор элементийн зах зээлд дангаараа ноёрхож эхэллээ.
iPhone утаснаас эхлээд цахилгаан машин, сансрын технологи, хиймэл оюун ухааны чип, гээд таны мэдэхээс эхлээд төсөөлж ч чадахгүй өндөр технологийн чухал бүрэлдэхүүн нь газрын ховор элемент. Хэдийгээр АНУ-д газрын ховор элемент байдаг ч нэмж нөөц тогтоохгүй л бол дотоодынх нь батлан хамгаалах салбарын хэрэгцээг ч бүрэн хангаж дийлэхгүй. Дональд Трампын засаг захиргаа дотоодын хайгуулыг нэмэгдүүлэх, олборлолт хийх, өөр эх үүсвэртэй болох хүчин чармайлт гаргасаар ирсэн ч зорилтоо хичнээн жил зарцуулах нь тодорхойгүй. Тиймээс АНУ тэргүүтэй дэлхийн бусад улсууд боловсруулсан металлын нийлүүлэлтээр Хятадаас хараат байсаар ирсэн юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр Хятад улс дэлхийн олборлосон газрын ховор элементийн 61 хувийг, боловсруулсан бүтээгдэхүүний 92 хувийг эзэлж байна.
АЯГАНЫ ХАРИУ ӨДӨРТӨӨ...
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад ногдуулах импортын татварыг 145 хувьд хүргэсэн. Үүний хариуд Хятадын засгийн газар харилцан татвар ногдуулсанаас гадна газрын ховор элементийн долоон төрлийн ашигт малтмалын экспортод хязгаарлалт тавьлаа. Шинэ журмын дагуу бүх компаниуд соронз зэрэг долоон ашигт малтмал болон бусад боловсруулсан металыг АНУ-руу экспортлохдоо заавао Засгийн Шазрын зөвшөөрөл авах шаардлагатай болгов. Газрын ховор элементээр хийсэн соронз бол ухаалаг утас, автомашин, тийрэлтэт хөдөлгүүр, MRI, машины мотор, генераторуудын гол эд анги болно. Мөн F-35 үл үзэгдэх сөнөөгч онгоцноос цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцны чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
Энэ үйл явцыг ажиглаж буй Мичиганы их сургуулийн эдийн засаг, төрийн бодлогын профессор Жастин Вольферс хэлэхдээ "Хятад стратегийн ...аргаар, Америкийн аж үйлдвэрт хүнд цохилт өгч, эдийн засгийн хувьд ямар хүчирхэг гэдгээ харууллаа гэж онцолсон юм.
АНУ-ын Rare Earth компанийн гүйцэтгэх захирал Жошуа Баллард хэлэхдээ, дэлхийн "хүнд" ховор металлын 98% нь Хятадын хяналтад байдаг. (Хүнд ховор металлууд түгээмэл биш, боловсруулахад хэцүү, илүү үнэ цэнэтэй байдаг.) Тэгэхээр Хятад АНУ-ын импортын татварын хариуд АНУ-ын аж үйлдвэрүүдийн багалзуурыг нь шахаж эхэллээ.
Нэгэн цагт АНУ соронзыг өөрсдөө үйлдвэрлэдэг байв. Гэвч хямд өртөгтэй Хятадын үйлдвэрлэл бий болсоноор Америкийн үйлдвэрүүд бизнесээ орхиж Хятадад ноу хаугаа алдсан байдаг. Энэ бол Хятадын удирдагч асан Ден Сяопины алсын хараа байсан бөгөөд түүний алдарт ишлэл дэлгэцийн архивт хадгалагдан үлджээ.
“Ойрхи Дорнодод газрын тос, Хятадад газрын ховор элемент бий” . 1991 ӨМӨЗО, Бугат хот
2020 оноос хойш АНУ-ын Батлан хамгаалах яам газрын ховор элементийн нийлүүлэлтийн дотоодын сүлжээг бий болгоход зориулж 439 сая ам.доллар зарцуулсан байна. Мөн 2027 он гэхэд АНУ-ын батлан хамгаалах салбарын бүх шаардлагыг хангахуйц тогтвортой нөөцтэй болох зорилт тавин ажиллаж байна.
Харин Монголд...
Хүнд газрын ховор элементийн Халзан Бүрэгтэй төсөл хэрэгжиж байна. Энэ төсөл нь АНУ-ыг “амь тэмцүүлж” буй “хүнд” газрын ховор элементийг олборлоно. Тиймээс Халзан Бүрэгтэйд Монголын геополитикийн ирээдүйн нүүдэл бий...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ