Нийслэлээс 900 мянган төгрөгийн урамшуулал авах хороод...

УБ хотын хамгийн их утаатай бүсүүдийн 50 мянга орчим айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Уг ажлыг ирэх өвлийн халаалтын улирлаас өмнө хийх бөгөөд айл өрхүүд гэр, байшингийнхаа дулаан алдалтыг бууруулсан байх ёстой. Ингэсэн тохиолдолд айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуурыг сонголтоор тавьж, халаалтын улиралд хэрэглээнээс нь сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө.
Бүх төрлийн хийн түлшид шилжих 51 мянга гаруй айл өрхийн үнийн хөнгөлөлтийг 2025 оны аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт долоон сарын хугацаанд олгоно.
Аравдугаар сард 50 мянга,
Арваннэгдүгээр сард 100 мянга,
Арванхоёрдугаар сард 200 мянга,
Нэгдүгээр сард 250 мянга,
Хоёрдугаар сард 100 мянга,
Гуравдугаар сард 50 мянга,
Дөрөвдүгээр сард 50 мянга гээд нэг айл өрх 900 мянган төгрөг хүртэл урамшуулал авна.
Ингэхдээ иргэд өөрийн амьдарч буй гэр, байшингаа дулаан алдагдалгүй болсон тухайгаа Хорооны даргадаа бүртгүүлснээр хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой.
Ногоон бүсэд амьдарч буй нийслэлийн СХД-ийн 23, 21 дүгээр хороо, БГД-ийн 9, 10, 11, 21, 22, 23 дугаар хорооны 10.850 өрх цахилгаан халаагуурт хамрагдах бол хийн халаагуурт СХД-ийн 6, 8, 9, 11 28, 30, 39, 43 хороо, СБД-ийн 12, 13 дугаар хороо болон БГД-ийн 16 дугаар хороо, БЗД-ийн 29 дүгээр хороо ЧД-ийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 20, 21 дүгээр хороо, байгалийн хийн халаагуурын БЗД-ийн 2, 21, 27, 30, 31 дүгээр хорооны нийт 40234 өрхийг шилжүүлнэ.
Улаанбаатар хотыг ирэх өвөл ногоон, шар бүсэд хувааж, цахилгаан болон шингэн түлшнээс бусад түлш түлэхийг хориглох гэнэ. Утаагүй бүсэд амьдарч буй 51 мянган өрхийн янданг буулгаснаар агаарын бохирдол 29.5 хувиар буурна гэх тооцоолол бий.
Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулж, эдгээр айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулах аж.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх хатуу түлш буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Мөн 2500 орчим айл өрх, аж ахуйн нэгж нь нам даралтын зуухаар халаалтаа шийдэж буй. Түүнчлэн дулааны цахилгаан станцууд, 804 мянган тээврийн хэрэгсэл зэрэг нь хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйлс болж байна. Үүнээс хамгийн их буюу 50 гаруй хувийг нь гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарч буй утаа эзэлж байгааг ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаа харуулдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ