РЭД РОК КАТЕРИНГ ХХК-ИЙН ХООЛНООС 197 ХҮН ХОРДЖЭЭ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрладаг хоол хүнсний хангамж үйлчилгээ авдаг дөрвөн компанийн ажилчдын дунд хоолны хордлогын шинж тэмдэг энэ сарын 9-ний өдөр илэрсэн байдаг. Одоогоор хоолны хордлогын 197 тохиолдол бүртгэгдээд байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлжээ.
Тэгвэл уурхайн 197 ажилтныг хоолны хордлогод оруулсан, уурхайд катерингийн үйлчилгээ үзүүлдэг компани нь Бодь группийн охин компани болох Рэд рок катеринг ХХК байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Рэд рок катеринг ХХК-ийн хувьцааг Пүрэвийн Батхүү, Рэд рок холдинг ХХК эзэмшиж байгаа юм. Тус компанийн эцсийн өмчлөгч нь П.Батхүү, Бодь группийн “босс” Данзандоржийн Баясгалан нар байгаа юм. Тус компани нь Эрдэнэс Таван толгой ХК-ийн катерингийн 24.8 тэрбум төгрөгийн тендерт шалгарч байжээ. Мөн МИАТ компанийн хоол катерингийн 9.5 тэрбумын тендерт шалгарч байсан байна.
Рэд рок катеринг ХХК-ийн хувьцааг Рэд рок холдинг ХХК эзэмшдэг. Рэд рок холдинг ХХК-ийн хувьцааг Бодь-Интернэшнл ХХК эзэмшиж байна. Эцсийн өмчлөгч нь Д.Баясгалан бүртгэлтэй байх аж.
Энэ талаар ХӨСҮТ-өөс өгсөн мэдээлэлд:
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах гурван компанийн 800-аад уурхайн ажилтан хоолны хордлогод өртсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан эмнэлгийн тусламж авч байна. Тус уул уурхайн компаниудад дөрөвдүгээр сарын 8-наас ХӨСҮТ-ийн эмнэл зүй, тандалтын мэргэжлийн баг аймгийн ЭМГ салбарын хяналтын мэргэжилтнүүдтэй ажиллаж байгаа гэв.
Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах уурхайгаас хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй 77 тохиолдол ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт эмнэлгийн тусламж авахаар зөөвлөрлөгдөн ирж байна.
Одоогоор урьдчилсан байдлаар хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлт тул үргэлжлэн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийж байгаа талаар мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ