НДШ-ээр тоглох популистуудын ‘’шагай наадам’’

Ажил олгогч болон ажилтан дараах хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг
Даатгалын төрөл |
Ажил олгогчийн хувь |
Тэтгэврийн даатгал |
8.5 хувь
|
Тэтгэмжийн даатгал |
1 хувь
|
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал |
0.5-2.5 хувь
|
Ажилгүйдлийн даатгал |
0.5 хувь
|
Нийт |
10.5-12.5 |
Энэ нь нийтдээ 20-22 хувийн шимтгэл болж буй
2024 оны жилийн эцэст НДС-ийн орлого 5,573.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1,255.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Зарлага нь 5,419.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1,354.6 тэрбум төгрөгөөр өссөн.
2024 оны эцсээр нийт 787 мянган ажиллагч НДШ төлсөн бөгөөд тэдний 50 хувь нь 2 сая төгрөгөөс бага цалинтай
Төрөөс хариуцан төлөх шимтгэл
- 0-3 насны хүүхдээ асарч буй эхчүүд,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эх
- Сайн дурын даатгалд хамрагдсан малчид
2024 оны байдлаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд даатгуулагч нь 21 жил 9 сар НДШ төлсөн байх шаардлагатай. Энэхүү хугацаа жил бүр 3 сараар нэмэгдэж, 2038 он гэхэд 25 жил болно.
УИХ-ын нэр бүхий гишүүд тал талд гарч НДШ, ХХОАТ-тай холбоотой хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Бүгд л иргэдийн нуруун дээрх ачааллыг бууруулж, аж ахуйн нэгжүүдээ татварын дарамтаас гаргаж, бодит эдийн засгийг нэмэгдүүлнэ гэх. Зорилго нэгтэй ч санаачилсан хуулийн төслөө нэгтгэж, жин дарахуйц хуулийн төсөл болгон их хурлын босго давуулах сонирхол тэдэнд алга. Сүүлийн үед бүгд л төрийн ордны хатавч хаяанд энэ талаар мэдэгдэл хийж буй.
Иргэдээс хамгийн их дэмжлэг авч буй ч хэзээ ч хэрэгжихгүй хуулийн төслийн санаа...
УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нар бизнесийн харилцаагаар зохицуулагддаг харилцаанаас нийгмийн даатгал суутгаж авахгүй байх, хоол унаа, байрны хөнгөлөлтөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцож авахгүй, байгууллагаас төлдөг нийгмийн даатгалын шимтгэлд дээд хязгаар тогтоох гэсэн үндсэн гурван агуулгатай хуулийн төсөл боловсруулж буй.
Л.Энх-Амгалан сайд Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын санаачилсан хуулийн төсөл хэзээ ч дэмжигдэхгүй бөгөөд хэрэгжихгүй гэх зөвтгөл хийж, тэдний урмыг хугалав.
Харин нөгөө талд өнөөдөр /2025.04.15/ УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Очирбат, Б.Пунсалмаа нар ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгон бууруулах иргэдийн санаачилгыг хуулийн төсөл болгож буйгаа мэдэгдэв.
2024 онд ХХОАТ-аар улсын төсөвт 1.7 их наяд төгрөг төвлөрсөн бөгөөд энэ нь татварын нийт орлогын 10 орчим хувь юм. ХХОАТ-ын 10 хувийг 5-8 хувь болгох санал улстөрийн түвшинд хааяа хөнддөгддөг ч дэмжигддэггүй. Ер нь бол төсвийн зарлагын шинэчлэл хийх буюу төрийн үр ашиггүй зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжих, татварын бааз суурийг тэлэх буюу сүүдрийн эдийн засгийг албажуулах, өндөр орлоготой иргэдэд шатлалтай татвар хэрэглэх нь ХХОАТ-ыг нэг хувьд хүргэдэггүй юм аа гэхэд бууруулах боломжийг нэмэгдүүлнэ.
Олон улсын жишиг
Сингапур 0-22 хувь /шатлалтай, бага орлогод татваргүй/
Гүрж 20 хувь /нэг шатлалтай, өндөр ч тогтвортой орлого төвлөрүүлдэг/
АНУ 10-37 хувь /шатлалтай, өндөр орлогод өндөр татвар/
Монгол 10 хувь /нэг шатлалтай, бага орлогоос ч ижил хувь авдаг/
Олон улс татварын шатлалыг ашигласнаар бага орлоготой иргэдэд дарамт үүсгэхгүйгээр нийт татварын орлогоо тогтвортой байлгаж чаддаг байна.
Бага дунд орлоготой иргэдийн татварын дарамтыг багасгах Засгийн газрын амлалт буй.
Харин Х.Ганхуяг нарын гишүүд татварын багц хуулийн төсөл санаачлан их хуралд өргөн барихаар зэхэж буй. Тэдний санаачилсан хуулийн төсөлд ХХОАТ-ын шатлалыг 0-10 сая төгрөгт 10 хувь, 10 сая-15 саяд 12 хувь, 15 сая-20 саяд 14 хувь, 20 сая-25 саяд 16 хувь, 25 сая-30 саяд 18 хуь, 30 саяас дээш бол 20 хувь хөнгөлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний орлогоос ХХОАТ-ыг 100 хувь хөнгөлнө гэжээ.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хөдөлмөр эрхлэгчдийн хувьд байнга яригддаг сэдэв. Шимтгэлийн ачаалал өндөр, цалингийнхаа 20 хувийг татварт өгдөг ч эргээд авах үйлчилгээ муу гэх мэт гомдол ажилтан, ажил олгогчдын аль алинд бий.
Шимтгэлийн бодит ачаалал
Энэ оны байдлаар Монгол Улсад албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй хүн бүр цалингийнхаа 9.5 хувийг Нийгмийн даатгалын сан руу төлж байна. Ажил олгогч нэмж 10.5-12.5 хувь төлдөг. Энэ нь нийтдээ 20-22 хувийн шимтгэлийн дарамт гэсэн үг.
Олон улсад дээрх хувь хэмжээ тийм ч өндөрт тооцогдохгүй. Жишээ нь Герман, Франц, Швед зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ажилтан, ажил олгогч нийлээд 30-40 хувийн шимтгэл төлдөг байна. Гэхдээ ялгаа нь тэнд төлсөн шимтгэлийнхээ хэрээр чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэврийн баталгаа, ажилгүйдлийн тэтгэмж авдаг.
Нийгмийн даатгал бол зөвхөн одоогийн даатгуулагчдын асуудал биш. Энэ бол ‘’үндэстний нийгмийн баталгааны сан’’ Өнөөдөр шимтгэл төлж буй хүмүүс ирээдүйд тэтгэвэр авах эрх нь үүсэж, одоо тэтгэвэр авч буй иргэдийн зардлыг дааж байгаа. Тиймээс энэ системд тогтвортой, тасралтгүй санхүүжилт хэрэгтэй.
2024 онд Нийгмийн даатгалын сангийн орлого 5.57 их наяд төгрөг байсан бол зарлага нь 5.42 их наяд төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл, сан ашигтай гарсан хэдий ч өсөлт нь тэтгэврий дундаж насжилт нэмэгдэж, ажил эрхэлжбуй хүн ам багасч байгаатай зэрэгцэн удаан үргэлжлэх боломжгүй гэсэн дохио.
Тэтгэврийн дарамтын хямрал
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн гол дарамт нь ‘’цөөн хүн олон хүнийг тэтгэж’’ буй систем юм. Одоогийн байдлаар 2.1 сая ажиллах насны хүн амтай ч тэдний 800 мянга орчим нь тогтмол шимтгэл төлдөг. Харин тэтгэвэр авагчды тоо жил ирэх тусам өсч байна.
Тэтгэврийн насыг нэмэгдүүлж буй, шимтгэлийн жилүүдийг уртасгаж буй бодлого ч энэ хүндрэлийг хойшлуулах зорилготой. Ийм нөхцөлд шимтгэлийг бууруулбал НДС-ийн тогтвортой байдал алдагдаж, ирэх жилүүдэд өндөр насны тэтгэвэр, тэтгэмжийн олголт саарах эрсдэлтэйг мартаж болохгүй.
Шийдэл: Бууруулах бус үр ашигтай болгох
Шимтгэлийн хувь хэмжээг бууруулах бус үүнийг илүү оновчтой хуваарилах, тэгш хүртээмжтэй болгох, эргэн олгох үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь илүү бодит шийдэл байж мэднэ.
Жишээ нь Хувийн хэвшлийн эрүүл мэндийн даатгалтай уялдуулах, даатгалын сангийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай байлгах, нийгмийн даатгалын өгөгдлийг нээлттэй, хяналттай болгох гэх мэт.
Эцэст нь...
Нийгмийн даатгалын шимтгэл бол улс орны ирээдүйн нийгмийн хамгааллын суурь. Үүнийг бууруулах нь өнөөдрийн иргэдэд таатай мэт боловч маргаашийн тэтгэвэр авагчдад гашуун бодит байдал авчирч мэднэ. Тиймээс одоо байгаа шимтгэлийг багасгах гэхээс илүү үнэ цэн, үр дүнг нь өсгөх бодлого хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ