Д. ТРАМП ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ЦАРЦААВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Харвардын Их сургуулийн санхүүжилтийг царцаалаа. Тодруулбал даваа гарагт Холбооны Засгийн газар Харвардын их сургуульд олгогддог тэтгэлэгийн 2.2 тэрбум ам.доллар болоод үйл ажиллагааны 60 орчим сая ам.долларын санхүүжилтийг шийдвэр гаргасан тухай CNN мэдээллээ. Дональд Трампын тус шийдвэр нь Харвардын их сургуулийн удирдлагууд Холбооны Засгийн Газрын тавьсан бодлогын шаардлагуудыг хэрэгжүүлэхээс татгалзсантай холбоотой юм.
Харвардад илгээсэн бичигт их сургуулийн удирдлагын бүтэц, элсэлтийн бодлого, олон төрөлт байдлыг дэмжих хөтөлбөрүүдийг өөрчлөх зэрэг шинэ шаардлагуудыг тусгажээ. Мөн оюутны жагсаалын үеэр амны хаалт хэрэглэхийг хориглох, цагаачлалын бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхийг шаардаж байгаа аж.
Санхүүжилтээ царцаалгасан Харвардын Их сургууль гаргасан мэдэгдэлдээ, “Төрийн зүгээс хамтын ажиллагааг ийнхүү таслах нь сая сая хүний эрүүл мэнд, аюулгүй байдлаас гадна улс орны эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулна” хэмээн мэдэгджээ.
Харвардын их сугуулийн Ерөнхийлөгч Алан М.Гарбер хэлэхдээ, “Харвардын их сургууль үндсэн хуулийн хүрээнд олгогдсон бие даасан байдал, эрх чөлөөгөө зөрчүүлэх аливаа шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Одоогоор Харвардын их сургуулийн багш нарын холбоо болон АНУ-ын их дээд сургуулиудын “Профессоруудын Холбоо” хамтран санхүүжилт зогсоох шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Мөн санхүүжилт царцаах шийдвэрийг түр хугацаагаар түдгэлзүүлэхийг шүүхээс хүссэн байна.
Харин Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, “Харвардын их сургуульд арьс өнгөөр ялгаварлан гадуурах уриалга бүхий хүчирхийллийг дэмжих үйлдэл нэмэгдэж байна. энэ бол татвар төлөгчдийн мөнгийг буруу зарцуулж буй үйлдэл” юм гэж онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ