"Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно" гэх заалтыг өөрчлөхөөр зэхэж эхлэв

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд "Өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд дахин болон үргэлжлүүлэн нэр дэвших боломжтой” гэх агуулга бүхий өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах хуулийн төслийг санаачлахаар болсон гэх мэдээлэл байна.
Үндсэн хуульд 30.2-т "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бий. Харин О.Амгаланбаатар нар "Зөвхөн нэг удаа” гэснийг өөрчлөхөөр ажиллаж эхэлжээ. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын тухайд Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн алба хаших үед нь Гааль, татварын алба хариуцсан орон тооны бус гишүүнээр ажиллаж байв. Одоо АН дотроо Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны “Нэг Монгол” хөдөлгөөнд харьяалагддаг.
Үүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэрхэн хандах нь анхаарал татаж байна. Өнгөрсөн долоо хоногт Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираах үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат ЕТГ-ын дарга Г.Занданшатараас "Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу” гэж асуусан. Тэгэхэд Г.Занданшатар "Ерөнхийлөгчийн зүгээс аливаа тийм өөрчлөлтийг санаачлах асуудал огт яригдаагүй бөгөөд санаа зорилго байхгүй” гэж хариулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ