ДУЛААНЫ ҮНИЙН НЭМЭГДЛИЙГ ЭНЭ ОНЫГ ДУУСТАЛ ХОЙШЛУУЛЛАА

Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны үнэ, тарифын өөрчлөлтийг 2025 оныг дуустал хугацаанд түр хойшлуулахаар шийдвэрлэжээ.
Энэхүү шийдвэр нь Засгийн газрын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаас гаргасан бүх төрлийн үнийн нэмэгдлийг инфляцын нөлөөллөөс үүдэн энэ онд царцаах шийдвэртэй уялдаж байгаа юм. Хорооны зүгээс өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сард дулааны үнийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 85 хувиар нэмэх шийдвэрийг гаргаж байсан. Мөн 2024 оны 9 дүгээр сарын 16-наас эхлэн ус сувгийн болон халуун, хүйтэн усны үнэ тарифт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байв.
Гэвч Монголбанк эдгээр нэмэгдлүүд нь инфляцын дарамтыг улам нэмэгдүүлнэ хэмээн анхааруулсан юм. Одоогийн байдлаар улсын хэмжээнд инфляцын түвшин 9.6 хувь, нийслэлд 10.3 хувьд хүрээд байна. Өнөөдрийн байдлаар айл өрхийн дулааны тариф 33,862 төгрөг байгаа бөгөөд бодит өртөг нь 62,960 төгрөгт хүрч, тариф ба өртгийн зөрүүнээс үүдэн их хэмжээний алдагдлыг салбар хүлээж байна. Цахилгаан, дулааны үнэ тариф сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2019 оноос хойш тогтвортой мөрдөгдөж иржээ. Цаашид үнэ, тарифыг шинэчлэн, зах зээлийн зарчимд нийцүүлэх замаар эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн 64 хүртэлх хувийн бие даасан байдлыг хангах нөхцөл бүрдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ