КАЛИФОРНИ Д.ТРАМПЫН ТАТВАРЫГ ШҮҮХЭД ӨГСӨН АНХНЫ МУЖ БОЛОВ

Калифорни муж Дональд Трампын импортын тарифыг шүүхэд өгсөн АНУ-ын анхны муж улс боллоо. Тус мужийн амбан Гэвин Ньюом Дональд Трампын импортын тариф нь дэлхийн худалдааны дайныг өдөөж, эдийн засагт эмх замбараагүй байдал үүсгэж байна хэмээн үзэж нэхэмжлэл гаргажээ.
Калифорни муж улс нь АНУ-ын мужуудыг эдийн засгаараа тэргүүлдэг бөгөөд тус улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хамгийн гол бүс нутаг юм. Тухайлбал дэлхийн бүйлсний хангамжийн 82%, артишок, инжир, чидун жимс, самар, үзэм зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч юм.
Калифорни мужаас гадна жижиг дунд бизнес эрхлэгчид болон иргэний зарим байгууллагууд импортын тарифыг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.
Шинжээчдийн хувьд АНУ импортын өндөр тариф тогтоож, үйлдвэрлэлийг буцаан сэргээхэд хугацаа шаардана. Олон жил зарцуулагдах энэ ажлын үр дүнгээс өмнө эдийн засаг хүндэрнэ гэж үзэж байна.
Дональд Трамп энэ сарын эхээр худалдааны тэнцвэр алдагдсан 60 орчим оронд 10-аас дээш хувийн татвар ногдуулсан байдаг. Гэвч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан холбооны Засгийн газар Хятадаас бусад оронд импортын тарифыг хэрэгжүүлэхээ 90 хоногоор түр хойшлуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ