ДОМИНИКАНД ШӨНИЙН КЛУБЫН ТААЗ НУРЖ 79 ХҮН АМИА АЛДАВ

Доминикан улсын нийслэл Санто Домингод шөнийн клубын тааз нурж, 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархаджээ. Уг шөнийн клубт Монте Кристигийн амбан захирагч Нелси Круз болон Мажор лигийн нэрт бейсболын тоглогч асан Октавио Дотел тэргүүтэй улс төр урлаг спортын олон алдартнууд цугласан байжээ. Монте Кристигийн амбан захирагч Нелси Круз газар дээрээ амиа алдсан бол нэрт тамирчин Октавио Дотел эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Осол болсон Jet Set шөнийн клубт алдарт дуучин Рубби Пересийн тоглолтоо хийх үеэр тааз гэнэт нуржээ.
Одоогоор Доминикан улсын онцгой байдлын 400 орчим алба хаагчид нурангид дарагдаж сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Цаашид амь үрэгдэгсдийн тоо өсөх магадлалтай байна. “Jet Set” клуб нь Санто Доминго хотын томоохон шөнийн клубуудын нэг бөгөөд даваа гараг бүр урлагийн тоглолт зохион байгуулагдаж алдартнууд цугладаг байжээ.
Рубби Пересийн тоглолтын үеэр хийгдсэн бичлэгт "таазнаас юм унах шиг боллоо" гэх дуу гарахад дуучин тэр зүгт анхаарлаа хандуулж байгаа нь дүрслэгджээ. Үүнээс 30 секунд хүрэхгүй хугацааны дараа тааз гэнэт нурж, тоглолтоо хийж байсан дуучин Рубби Перес дарагдсан байна.
Доминикан улсын Ерөнхийлөгч Абинадер амь үрэгдэгсдийн гэр бүлд эмгэнэл илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ